Монгол улсад анх удаа Архангай аймгийн Чулуут суманд сэргээгдэх эрчим хүчний халаалтын систем нэвтэрч, ЭМТ-ийн цахилгаан, дулааны хэрэглээг Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр бүрэн хангахаар боллоо. Түүнчлэн хэрэглээнээс илүү гарсан цахилгааныг төвийн шугамд нийлүүлэх давуу талтай болжээ.
Чулуут сумын ЭМТ нь нарны эх үүсвэрээр цахилгаан болон дулааныг шийдсэнээр жилд 40 тонн нүүрс түлэхгүй болж, цахилгаан, дулааны зардалд дунджаар 25 сая төгрөгийн хэмнэлт гаргах юм.
Сэргээгдэх эрчим хүчний халаалтын системийн туршилтын төсөл нь Эрчим хүчний яамны захиалгаар Азийн хөгжлийн банк, Япон улсын “Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох сан”-ийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Чулуут сумын эрүүл мэндийн төвд хэрэгжиж байгаа юм. Төслийн хүрээнд Эрүүл мэндийн төвийн барилгын дулааны алдагдлыг бууруулж, 80 кВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүр, 800 кВт*ц-ийн багтаамжтай хуримтлуур, агаар-ус төрлийн 90 кВт-ын хүчин чадалтай дулааны насосыг суурилуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.






