Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Энхбат, Б.Содболд нарын хүсэлтээр Дархан хотноо хэрэгжиж буй "Crystal Residence" төслийн гүйцэтгэгч “Проджи” ХХК-ны хамт олноос " Ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийе" уриалгын хүрээнд ЕБ-ын 1-р сургуульд орчин үеийн өндөр үзүүлэлт бүхий 20 ширхэг иж бүрэн суурин компьютерыг хүлээлгэн өглөө.
Уг төслийн хамт олон энэ оны хичээлийн шинэ жилээр ЕБ-ын 4-р сургуульд 20 ширхэг иж бүрэн компьютерыг мөн хүлээлгэн өгч байсан юм. Байгууллага хамт олноороо шинэ жилийн баяраа тэмдэглэх төсвөөрөө ийнхүү 2 дахь удаагаа хүүхдийн оюуны боловсролд хөрөнгө оруулалт хийж байна.
ЕБ-ын 1-р сургуульд 6,7-р багийн 1100 гаруй хүүхдүүд хамран суралцдаг. Шинэ компьютертой болсноор сурагчид орчин үеийн технологийн орчинд суралцах, дижитал боловсрол эзэмших боломж нэмэгдэж байна.
1-рт хүүхэд гэсэн аймгийн нэгдсэн бодлого уриалгыг дэмжиж оюуны хөрөнгө оруулалт хийж буй "Проджи" ХХК-ийн хамт олонд нийт хүүхдүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.