Орон нутгийн түвшинд жендэрийн бодлогоор уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицоход тулгарч буй саад бэрхшээл, сайн туршлага, шинэлэг санаачилгын талаар туршлага солилцох говь, төвийн болон зүүн бүсийн 10 аймгийн (Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь, Дорнод, Хэнтий, Сүхбаатар) 100 гаруй оролцогчтой тус сургалт өнөөдөр буюу 10 дугаар сарын 24-ний өдөр Сайншанд хотод зохион байгуулагдаж байна.
Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Жендэрийн Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга А.Адилбиш, аймгийн Засаг дарга О.Батжаргал, аймгийн ИТХ-ын дарга Н.Алдарбаяр нар оролцлоо.
Аймгийн Засаг дарга О.Батжаргал сургалтад оролцогчдод амжилт хүсэж Дорноговь аймгийн зүгээс бид байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, ногоон хөгжил, эмэгтэйчүүдийн оролцоонд тулгуурласан хандлагыг дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү сургалтын үр дүн нь бүс нутгийн болон үндэсний түвшинд бодит өөрчлөлт авчирна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Жендэрийн Үндэсний хороо, Азийн хөгжлийн банкнаас хамтран зохион байгуулж буй энэхүү сургалт нь орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, малчид, тариаланчдын жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт хоорондын холбоо хамаарал, жендэрт суурилсан хүчирхийлэл, жендэрийн үнэлгээний талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх зорилготой юм.