ГОВЬСҮМБЭР: ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛГИЙН ХӨТӨЛБӨРТ ТЕХНОЛОГИЙН МЭРГЭЖЛИЙГ НЭМЭХ ЗАМААР АЙМГИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙГ БЭЛТГЭНЭ
“Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх 5-р аян”-ы хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын томилолтын баг Говьсүмбэр аймагт ажиллаж байна.
Цахим ур чадвар, олон нийттэй харилцах газрын дарга Ж.Анхбаяраар ахлуулсан томилолтын баг Говьсүмбэр аймгийн засаг дарга Т.Бат-Эрдэнэтэй уулзалт хийж, аймгийн цахим шилжилтийн бодлого, төрийн цахим үйлчилгээний хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо. 
Засаг дарга Т.Бат-Эрдэнэ аймгийн 2028 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан “Цахим Говьсүмбэр” зорилтыг эрчимжүүлэх, цаашид “Цахим аймаг” хөтөлбөрийг ИТХ-аар батлуулах чиглэлд онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Мөн ойрын хугацаанд аймгийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийн “ХУРДАН” ICT клубийг Засаг даргын дэргэд байгуулах шийдвэрт хүрсэн нь аймгийн дижитал хөгжлийг тогтвортой, багаар манлайлах шинэ бүтэц бий болгох бодит боломжийг бүрдүүлж байна.
Уулзалтын үеэр Говьсүмбэр аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтсийн дарга У.Болорцэцэг төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэг, “ХУРДАН” киоск, нээлттэй мэдээллийн ил тод байдлын shilen.gov.mn систем, “ХУРДАН” клуб зэрэг иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх чиглэлд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа танилцууллаа.
Өнгөрсөн хугацаанд Говьсүмбэр аймгийн цахим шилжилт, үйлчилгээний хэлтсийн хамт олон 4000 гаруй иргэний цахим ур чадварыг дээшлүүлснээс “Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх 5-р аян”-ы хүрээнд л гэхэд 1000 гаруй иргэнийг сургалтад хамруулсан байна.



