loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ | HuduuMN

АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2025-10-02

Өнөөдөр Олон Улсын Ахмадын өдөр тохиож байна. 1990 оноос эхлэн НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас энэ өдрийг Олон Улсын Ахмадын өдөр болгон тэмдэглэх шийдвэрийг гаргасан байдаг бөгөөд манай улс 1992 оноос эхлэн ахмадын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж, эдүгээ 33 дахь жилтэйгээ золгож байна.

Өнөөдөр Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас улс, аймаг, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлт, хойч үеийнхээ сайн сайхны төлөө залуу нас, хүч хөдөлмөрөө харамгүй зориулсан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. 

Аймгийн нутгийн удирдлагын байгууллага болон нутгийн захиргааны байгууллагаас ахмад настнуудынхаа эрүүл, идэвхтэй насжилтыг дэмжих ахмадын байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор орон нутгийн төсвөөс 140.0 сая төгрөгийг шийдвэрлэж, сумын ахмадын хороодын компьютер, техник хэрэгслийг сайжруулан цалин урамшууллыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулж нэмэгдүүлэн ажиллаж байна.

Мөн Билгийн тооллын шинийн нэгэн буюу Цагаан сараар аймгийн ЗДТГ-т ажиллаж байсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.  

2024 онд Ахмад настны тухай хууль шинэчлэгдэн батлагдаж 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөн ажиллаж байна. Хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 243 дугаар тогтоолоор “Ахмадын сан” байгуулан ажиллуулах журам шинэчлэгдэн батлагдсан. Журмын дагуу ахмадуудаа нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, соёл, спортын үйлчилгээнд тэгш хамруулах зорилгоор “Ахмадын сан”-г шинээр байгуулан ажиллаж байна. Ахмадын сантай болсноор ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх, рашаан сувилалд амрахад шаардагдах зардал болон ердийн галлагаатай байшин, уламжлалт гэрт амьдарч байгаа ахмадууддаа түлээ, нүүрсний хөнгөлөлтийн зардлыг төсөвлөөд байгаа юм.   

Төв сайхан нутгийнхаа хөгжлийн түүчээ болсон нийт ахмадууддаа эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэж, ажил хөдөлмөрийн арвин туршлагаа олон түмэнд түгээн дэлгэрүүлж явахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.