Бизнес эрхлэгчдийн өөрсдийн амжилтын түүх тэдний бодит туршлагыг хуваалцаж санал солилцох, хамтдаа хөгжих боломж, гарц шийдлийг боловсруулахад төр хувийн хэвшлийн зүгээс хэрхэн оролцох арга замыг тодорхойлох, төрийн зүгээс үзүүлж болох дэмжлэг туслалцааг бизнес эрхлэгчдэд танилцуулах, тулгамдаж буй асуудлыг сонсох, сумын Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийн 2025 оны төлөвлөгөөнд тусгах саналыг авах зорилготойгоор бизнес эрхлэгчдийн уулзалтыг Завхан захирлуудын манлайлал ТББ-тай хамтран 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа.
Сумын Засаг дарга, хотын захирагч Ч.Наранбат нээж хэлсэн үгэндээ хэрэглэгчдийн хүсэл шаардлагад нийцүүлсэн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг үзүүлж, Улиастайн брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн түгээж, ажлын байрыг бий болгож, эдийн засгийн өсөлтөд чухал үүргийг гүйцэтгэдэг, ниймгийн тогтвортой байдлыг бий болгож буй Улиастайн баялаг бүтээгчид бол та бүхэн гэдгийг онцлов.
Бизнес эрхлэгчдэд дараах сургалт, мэдээллүүдийг өгөв. Завхан захирлуудын манлайлал ТББ-ын танилцуулыг удирдах зөвлөлийн гишүүн Д.Оюун, Хоршоог хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн танилцуулгыг УСЗДТГ-ын жижиг, дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Б.Баярмаа, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн танилцуулгыг ХХААГ-ын хөнгөн, ждү, хоршоо, ахуйн үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бадамгарав нар сургалтуудыг өгч, “Эерэг хандлагыг хамтдаа бүтээе” сэдвээр Happy smile сургалтын төвийн сургагч багш, Удирдах зөвлөлийн дарга Н.Ганчимэг лекцийг сонирхолтой хэлбэрээр илтгэлээ.
Н.Ганчимэг илтгэлдээ: Хандлага халдварладаг. Инээмсэглэл нь нүүрний 26 булчинг ажиллуулж байдаг. Мэдэх нэг өөр, мэддэгээ ухамсарлаад үйлдэл хийгээрэй гэв.
Үйл ажиллагаа тогтвортой явуулж байгаа 5 бизнес эрхлэгчид амжилтын нууцаас хуваалцав.
Б.Отгон: Худалдаа үйлчилгээний чиглэлээр 2004 оноос үйл ажиллагаа явуулж байна. 2016 онд “Манлай баян ургац ХХК”-ыг үүсгэн байгуулж, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийн байрыг барьж ашиглалтад оруулсан. 5-6 иргэнийг ажлын байраар хангадаг. Бизнест эдийн засаг, зах зээлийн судалгаа тооцоог хийж, зорилгыг зөв тавих нь чухал юм.
Б.Ганбаатар: “Мөнх ундрах үсэг” ХХК-г үүсгэн байгуулагч, 2012 оноос анхны офсет хэвлэлийн үйлдвэрийг, 2020 онд буйдан засварлах, үйлдвэрлэх үйлчилгээг нэвтрүүлэн ажиллуулж, 2024 онд үйлдвэрийн байрыг барилаа. Бид Аль болох бусдын бизнесийг хуулбарлан дуурайхгүй, давхцсан биш, байхгүй үйлчилгээг нөхөх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэх, гаргах зорилготой ажиллах, хурдан удаан ашиг олох нь хамааралгүй үйл ажиллагаагаа тууштай явуулахад амжилт бага багаар ирдэг.
С.Лхагвасүрэн: Жин жинст хоршоог үүсгэн байгуулагч, 2018 оноос ноос ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Хоршоогоор хамтран ажиллах давуу тал нь гишүүн бүр өөрийн үүрэгтэй, хамтдаа үйлдвэрээ хөл дээр нь босгох гэж ажиллаж байна. 3-4 бүсгүйчүүдийг ажлын байраар ханган ажиллаж байна. Цаашид оршин тогтнох бас нэг гол үндэс нь үйлчлүүлэгчид бидэнд итгэх итгэл өгсөн явдал юм.
Ц.Өнөрбаяр: “Хадан суурь мөнх” ХХК-г үүсгэн байгуулагч, Анд оймс брэндийг үйлдвэрлэгч. Хөрш улс болох ОХУ-д суралцаж байхдаа талх шиг зарагддаг бүтээгдэхүүн юу байна гэдгийг судалж, нэрийн брэнд гаргахаар шийдсэн. Судалгаагаар манай эх оронд үйлдвэрлэгдэж буй оймс байгааг олж харж, үйлдвэрээ байгуулсан. Орон нутгийн бүтээгдэхүүнээ экспортод чиглэсэн, гадны зах зээлд борлуулагдах гарцыг хайх, гаргах шийдлийг олохыг зорин ажиллаж байна.
Н.Норжмаа: “Боролдойн жигүүр” ХХК-ыг үүсгэн байгуулагч, 2014 онд Боролдой хүүхдийн номын дэлгүүрийг анх нээсэн. 2016 онд бүх насныханд зориулсан олон төрлийн номоор баяжуулсан. 2021-2022 онд дэлгүүрийн байраа өргөжүүлж, 5 иргэнийг ажлын байраар ханган ажиллаж байна. 2700 гаруй нэр төрлийн ном соёлын бүтээлүүдээр оюуны хөрөнгө оруулалт хийж үйлчилж байна. 10 жилийн хугацаанд ажил бизнесийн онцлогийг ойлгож ажилдаа дуртай үнэ цэнийг нь ойлгож хийвэл хэцүү хүнд бэрхшээлтэй цаг үеийг даван туулах сэтгэлийн хат, хүч тэнхээ өгдөг гэв.
Баялаг бүтээгч үйлдвэрлэгч нарын бүтээлүүдийг сурталчлан танилцуулах загварыг үзүүллээ.
Бизнес эрхлэгчдийн дунд хэлэлцүүлэг хийж, санал хүсэлтийг сонсож, хариулт өгч, аймаг болон сумын Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийн 2025 оны төлөвлөгөөнд тусгах саналыг тус тусад нь эрэмбэлэн хүргүүлэхээр шийдвэрлэв.
Оролцогчдын дунд 2 төрлийн дууны тэмцээн зохион байгуулж, хөтлөгч Б.Далхжав, оролцогч Э.Амаржаргал нар урлагийн үзүүлбэрээр мэндчилгээ дэвшүүллээ. Хамтран зохион байгуулагч Завхан захирлуудын манлайлал ТТБ-ийн тэргүүлэгчид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ азтан шалгаруулж, гэнэтийн бэлэг барив.
Бизнес эрхлэгчид уулзах боломжоор хангасан Засаг дарга, хотын захирагч Ч.Наранбат, Улиастай сумын ЗДТГ-ын хамт олондоо талархал илэрхийлэе