Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаярын сумдын иргэдтэй хийх уулзалт үргэлжилж байна. Тэрээр өнөөдөр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Мөнххүрэлийн хамт Их-Уул сумын иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулав.
Мөн иргэдээс Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийх бүтээн байгуулалт, ажил арга хэмжээний саналуудыг авлаа.
Энэ онд Их-Уул суманд сургуулийн дотуур байр шинээр баригдаж байна. Мөн “Өвсний үндэс” төслийн хүрээнд сумын эмнэлгийг иж бүрэн засварт оруулсан. Адапт төсөлтэй хамтран өвс тэжээлийн агуулах барих, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, хоршоологчдод тоног төхөөрөмж авах, өөрөө буулгагч хогны машин авах, хадлангийн талбай хаших, соёлын төвд лэд дэлгэц авах, дотуур байранд дотор нойл ашиглалтад оруулах зэрэг ажлууд хийгдээд байна.
Их-Уул сумынханд тулгамдсан нэг асуудал бол эрчим хүчний доголдол, хүчдэл муу байгаа явдал юм. Тийм учраас Их-Уул сумаас Тосонцэнгэл сум хүртэлх шугам сүлжээний шинэчлэл хийх зураг төслийг хийлгээд байгаа ба ирэх жил ажил эхлэх юм.
Сумын иргэд ахмад настанд үзүүлэх халамж эрүүл мэндийн үйлчилгээ, хөнгөлөлттэй эмээр үйлчилдэг эмийн сантай болох, мод бэлтгэл, багийн эмч нарын унаа, эмнэлгийн эм тарианы хангалт муу, малын түүхий эдийн үнэгүйдэл зэрэг асуудлуудаар санал хүсэлтээ илэрхийлэв.
Мөн аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр сургууль, дотуур байрны үйл ажиллагаатай танилцлаа.