Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн ХЖТ-ын шинэ уран бүтээл шашин төрийн нэрт зүтгэлтэн Дилав хутагт Б.Жамсранжавын амьдрал, үзэл санаа, үйл хэрэг, эх оронч түүхэн гавьяаг бүжгэн жүжиг хэлбэрээр илэрхийлсэн “Мөнхөд гэрэлтэх диваажин” жүжиг шинэ театрт нээлтээ хийлээ.
Нээлтийн арга хэмжээнд VI Дилав хутагт Данзанламэд, жүжгийн төслийн баг, Буриад, Халимаг Улсын соёлын төлөөлөл, аймгийн удирдлагууд, ард иргэд оролцлоо.
Тус жүжгийн ивээн тэтгэгч, ерөнхий продюсероор "Топ нобле тур" ХХК-ийн захирал С.Өлзийхишиг, гүйцэтгэх продюсероор ХЖТ-ын дарга МУСТА Г.Солонго, зохиолчоор МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Ч.Алтантүлхүүр, Ерөнхий найруулагчаар МУУГЗ Д.Баярбаатар, Хөгжмийн зохиолчоор МУУГЗ Б.Алтанхуяг, туслах найруулагчаар МУСТА А.Отгон, гол дүрд ХЖТ-ын гоцлол бүжигчин МУСТА М.Дэлгэрсайхан нар ажиллав.
Жүжгийн нээлтийн үеэр аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, ИТХ-ын дарга Ш.Мянганбаяр нар тус жүжгийг улсын хэмжээнд болон Буриад, Халимаг зэрэг улсад тоглоход санхүүгийн дэмжлэгийг үзүүлнэ гэв.
Мөн энэ үеэр Дилов хутагт Б.Жамсранжав, монголч эрдэмтэн Оуэн Латтимор нарын нөхөрлөлийг харуулсан “Зуун дамжсан нөхөрлөл” гэрэл зургийн үзэсгэлэн, “Сүрьеэгүй Завхан” төслийн нээлт болов.
"Сүрьеэгүй Завхан" төслийг “Дилов хутагт сан”-ийн санаачлагаар Сүрьеэгийн үндэсний хөтөлбөр, аймгийн ЗДТГ, Жонс хопкинс их сургуулийн "Zero TB" Олон Улсын салбар төсөл хамтран хэрэгжүүлэх юм.