Бүгд Найрамдах Солонгос улсын "Ханнарэ Мүнхуа Чэдан" ТББ-ын тэргүүн Шим Сан тэргүүтэй албаны хүмүүс Өвөрхангай аймагт ажиллаж, аймгийн Засаг даргатай уулзан, хамтын ажиллагаа өргөжүүлэхээр санал солилцлоо.
Тус байгууллагаас ирэх жилээс нэг сумыг сонгон хамтран ажиллах, жил бүр зохион байгуулдаг "Алтан хонх" уралдааныг бүх сумын ЕБС-ийг хамруулан зохион байгуулах хүсэлтээ илэрхийлсэн юм.
Уулзалтын үеэр Байгаль орчны газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 10 жилийн хугацаанд 300 мянган мод тарих ажлыг эхлүүллээ.
Үүнтэй уялдуулан “Баян намсрай” цэцэрлэгт хүрээлэнд мод тарив.
"Ханнарэ Мүнхуа Чэдан" ТББ нь 2010 оноос эхлэн Өвөрхангай аймагтай хамтын ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлж байгаа бөгөөд боловсрол, эрүүл мэнд, байгаль орчны салбарт хөрөнгө оруулалт хийж, Ганданпунцоглин хийдтэй хүмүүнлэгийн чиглэлээр хамран ажилласан байдаг.
Мөн жил бүр ЕБС-ийн 9 дүгээр ангийн сурагчдын дунд "Алтан хонх" уралдааныг тасралтгүй зохион байгуулж, шилдгээр шалгарсан багш, сурагчийг Солонгос улсад 7 хоног аялуулж, аяллын зардлыг 100 хувь тус байгууллагаас зарцуулж, давхардсан тоогоор 30 гаруй багш, сурагч аялалд хамрагджээ.
Түүнчлэн 2010 онд аймгийн Онцгой байдлын газарт аврах, гал унтраах зориулалт бүхий автомашиныг хандивлаж байсан бол 2019 онд Солонгос улсын нарийн мэргэжлийн эмч нарын багийг Өвөрхангай аймагт тав хоногийн хугацаанд ажиллуулан, зорилтот бүлгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байдаг.
Байгаль орчин, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор дэлгэрэх голын дэргэдэх цэцэрлэгт хүрээлэнд аймгийн ЗДТГ-тай хамтран 570 ширхэг нарс мод тарьсан нь өдгөө Арвайхээр сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлэн өнгө нэмсээр байгаа юм.