loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“Дэлхийн зөн” болон КОЙКА Олон улсын байгууллагын төлөөлөгчид Өвөрхангай аймагт ажиллаж байна. | HuduuMN

“Дэлхийн зөн” болон КОЙКА Олон улсын байгууллагын төлөөлөгчид Өвөрхангай аймагт ажиллаж байна.

2026-06-08

“Дэлхийн Зөн” ОУБ нь Бүгд Найрамдах Солонгос улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “KOICA”-тай хамтран “Зудын эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах нь (CRAD)” төлийг 2027-2029 онд Өвөрхангай, Говь-Алтай, Увс аймгуудын 10 суманд хэрэгжүүлэхээр төслийн саналыг боловсруулж байгаа. 

Энэ хүрээнд өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч М.Батзориг болон ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Онцгой байдлыг газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Мал эмнэлгийн газар, Статистикийн хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ. 

Уулзалтаар Өвөрхангай аймгийн цаг уурын өнөөгийн нөхцөл байдал, малын хорогдол, түүнд нөлөөлж буй хүчин зүйл, цаг хүнд зудын үед малчдад үзүүлж буй улс, аймгийн тусламж, дэмжлэгийн зохион байгуулалт, цаашид тулгарах эрсдэлт хүчин зүйлийн талаар мэдээлэл сонссон юм.  

Дээрх төслийн зорилго нь цаг агаарын нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ, урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилт, уур амьсгалд тэсвэртэй мал аж ахуйн системийг хослуулан зудын эрсдэлийг бууруулж, малчин өрхийн даван туулах чадавхыг бэхжүүлэхэд оршиж байгаа бөгөөд ирэх 7 дугаар сард төслийн боловсруулалт, танилцуулгыг хөрөнгө оруулагч байгууллагад танилцуулах ажээ. 

Тус төсөл нь 3 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд төслийн үр дүнд уур амьсгалын өөрчлөлт, цаг уур, зудын эрсдэлт үед малчдад хүргэх урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай хүргэх мэдээлэл дамжуулах сувгийг чанаржуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх юм. 

Мөн малчдад эрсдэлийг даван туулахад бүлэг болж ажиллах, малын тэжээлийн ургамал тариалах, хамтын хүчээр нөөцөө бүрдүүлэх, жилийн турш тохиох гамшгийн бүхий л цаг үед бэлэн байх арга зүйг олгож, чадавхыг сайжруулах юм байна.  

Дээрх ОУБ-ын төлөөлөгчид аймгийн хөдөө аж ахуйн салбар байгууллагуудын болон аюулгүйн нөөцийн үйл ажиллагаатай танилцаж байна.