БУЛГАН АЙМАГТ ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ТӨРӨЛЖҮҮЛЭХ ШИНЭ АЛХАМ ХИЙГДЛЭЭ
Төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулсан уулзалтын үеэр Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Н.Пүрэвсайхан БНХАУ-ын “Шош шаргал буудай” ХХК-ийн менежер Б.Бүрэнтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд Булган аймагт эрдэнэшишийн тариалалтыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах бөгөөд 32 төрлийн сортын үрийг сонгон турших, нутагшуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх юм.
Мөн уг ажлыг хэрэгжүүлэхэд шаардлагатай үрийн дэмжлэг, усалгааны систем, уусдаг хөрсний хучлага зэрэг хөрөнгө оруулалт, техник технологийн шийдэл, мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэгийг үзүүлнэ.
Энэхүү хамтын ажиллагаа нь Булган аймгийн газар тариалангийн салбарт шинэ төрлийн таримлыг нутагшуулах, үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, тариаланчдын орлогыг өсгөхөд чухал ач холбогдолтой юм.