loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“БҮРГЭДИЙН БАЯР" 25 ДАХЬ УДААГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА | HuduuMN

“БҮРГЭДИЙН БАЯР" 25 ДАХЬ УДААГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2024-10-07

    Казах түмний бүргэдээр ан хийлгэх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түүний өвлөн уламжлуулагчийг тодруулах, алдаршуулах, олон улсад сурталчлан таниулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бүргэдийн баяр" 25 дахь удаагаа өнөөдөр /2024.10.05/ Бугат сумын нутаг дахь “Чандмань толгой”-н өвөрт “Саят” талбайд эхэллээ.

    "Бүргэдийн баяр" наадмыг Монголын Бүргэдчидийн холбоо болон аймгийн Засаг даргын 2024 оны А/724 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хамтран зохион байгуулж байна.

    25 дахь удаагийн “Бүргэдийн баяр" нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед, Монголын Бүргэдчид холбооны тэргүүн С.Медеухан нар оролцож мэндчилгээ дэвшүүлэв.

    Бүргэдээр ан хийх уламжлал төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, эдүгээ хүртэл хадгалагдаж ирсэн гэж үздэг. Энэхүү уламжлал хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол Улс юм. Бүргэдээр ан хийх уламжлалт зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-д албан ёсоор бүртгэсэн. 

    Сүүлийн жилүүдэд бүргэдийн баяр, бүргэдийн ан агнуур, бүргэдийн анчид, тэдгээрийн эртний уламжлал Монголд байсаар байна гэх мэдээллүүд дэлхийн хэвлэл мэдээллийн нүүрэнд харагдах болж, олон улсын нэр хүндтэй арга хэмжээ болсон бөгөөд Бүргэдийн баяр нь дэлхийн тренд арга хэмжээ болж байна.

     Энэ ч утгаар жуулчдын сонирхлыг татдаг манай орны нэг эвент бол бүргэдийн баяр байдаг. Энэ удаагийн Бүргэдийн баярыг гадаад дотоодын жуулчид гийчид олноор ирж үзэхээс гадна нутгийн ард иргэд ч энэхүү гайхамшигт өвийг үзэхээр хуран цугларчээ.

    Бүргэдийн баяр аялал жуулчлалын салбарт онцгой бүтээгдэхүүн бөгөөд борлуулалт сайтай эвент юм. Мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар энэ удаагийн Бүргэдийн баяраар гадаад дотоодын жуулчдын тоо нэмэгдсэн бөгөөд  2 тэрбум гаруй төгрөгийн орлого олох тооцоололтой байгаа аж.