Гарчиг
Сүлд
Өмнөговь аймаг
Эдийн засаг
Өмнөговь аймаг ашигт малтмалын 80 гаруй орд, 200 гаруй илрэлтэйгээс Тавантолгой, Оюу толгой, Нарийнсухайт стратегийн ач холбогдолтой 3 томоохон орд газарт тогтоогдож нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэс таван толгой, Энержи ресурс, Мөнх ноён суварга, Дун юань, Олон овоот гоулд, Зөв зүг, МАК, Чинхуа-Мак-Нарийн сухайт, Саус гоби сэндс, Өсөх зоос, Терра энержи, Жавхлант орд зэрэг 14 компаниуд ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулж байна.
2020 онд жилийн эцсийн мал тооллогоор нийт мал 2880772 толгой болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 119.5 мянган толгойгоор буюу 4.0 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тэмээн сүрэг 166800 толгой, адуун сүрэг 110395 толгой, үхэр сүрэг 33192 толгой, хонин сүрэг 682598 толгой, ямаан сүрэг 1887787 толгой тоологдсон байна.
Хамгийн олон малтай сумаар Номгон 306547, Ханхонгор 252454, Гурвантэс 237705, Манлай 220619, Ханбогд 200563 толгой мал тус тус тоолуулсан байна. Малын таван төрлөөр нь авч үзвэл тэмээгээр Ханбогд сум 32861, адуугаар Манлай сум 14434, үхрээр Ханбогд сум 6828, хониор Ханхонгор сум 81655, ямаагаар Номгон сум 235936 толгойгоор тус тус тэргүүлж байна.
Газар тариалангийн салбарт 2020 оны жилийн эцсийн байдлаар нийт 238.7 га талбайд тариалалт хийсний 60.8 га талбайд төмс, 110.8 га талбайд хүнсний ногоо, 67.1 га талбайд тэжээлийн ургамал тариалснаас 443.2 тн төмс, 929.3 тн хүнсний ногоо хураажээ. Аймгийн хэмжээнд нийт 8298.5 тн өвс, 619.2 тн гар тэжээл бэлтгэн нөөцөлсөн байна.
Бизнес орчин
Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр
Зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр орон нутгийн зүгээс жил бүр тодорхой санхүүжилтийг шийдвэрлэж төсөл хөтөлбөрүүдийг зарлан хэрэгжүүлдэг. Тухайлбал
• Өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настны өрхийн үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж 2 сая төгрөгийн үйл ажиллагааны буцалтгүй дэмжлэг үзүүлж байна. Тус хөтөлбөрт 2021, 2022 онд 500 сая төгрөгийг зарцуулж 360 иргэнийг хамруулсан.
• Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэн шинээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч залуучуудыг сонгон шалгаруулан 10 сая хүртэлх төгрөгийн үйл ажиллагааны буцалтгүй дэмжлэгт хамруулж байна. Тус хөтөлбөрт 2021, 2022 онд 150 сая төгрөгийг зарцуулан 30 залуугийн гарааны бизнест дэмжлэг үзүүлсэн.
• Орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг 40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэн үйлдвэрлэл эрхлэгчдийг сонгон шалгаруулж 5 сая төгрөгийн буцалтгүй дэмжлэг үзүүлж байна. Тус хөтөлбөрт 2022 онд 76 иргэн хамрагдсан байна.
• Дээрх хөтөлбөрүүдээс гадна Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зарлагддаг төсөл хөтөлбөр, хөнгөлөлттэй зээл, тусламжийн дэмжлэгийг авах боломжтой.
Дээрх төсөл хөтөлбөрүүдийн мэдэээллийг Өмнөговь болон ХХҮГ-ын пэйж хуудсуудаар мэдээлэл авах боломжтой.
Дэд бүтэц
Өмнөговь аймагт хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүд:
Өмнөговь аймагт Гашуун сухай, Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт хийгдэж байгаа ба эхний ээлжинд 2000 гаруй шинэ ажлын байр бий болох судалгаа хийгдсэн байна. Мөн Оюу толгой, Таван толгой зэрэг томоохон уул уурхайн компаниуд үйл ажиллагаагаа явуулж үндсэн болон туслан гүйцэтгэх компаниудад шинэ ажлын байр тогтмол зарлагдаж байна. Орон нутгийн зүгээс Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын нийт ажлын байрны 50%-аас доошгүй хувийг Өмнөговь аймгийн иргэд байх тухай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гарган ажилладаг. Өмнөговь аймгийг 2020-2024 онд хөгжүүлэх нутгийн хишиг хөтөлбөрийн хүрээнд орон нутагт 6000 шинэ ажлын байр бий болгох зорилт тавин 2022 оны байдлаар 2400 орчим шинэ ажлын байр бий болсон байна.