Гарчиг
Сүлд
Булган аймаг
Эдийн засаг
Газар тариалангийн 93 аж ахуйн нэгж, 78 иргэн үр тариа, 7200 өрх бүл төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалж, нийтдээ 31,0 мянган га-д тариалалт хийдэг. Хоёрдогч үр тариа арвай, овьёос, бог будаа, хөх тариа, ногоон тэжээл , тосны ургамал тариалдаг. Нэгжээс дунджаар 15.3 цн үр тариа, 115.7 цн төмс, 121.0 цн хүнсний ногоо хураан авч, аймгийнхаа дотоодын хэрэгцээг хүнсний ногоогоор 70,0 хувь, төмс, гурилаар 100,0 хувь хангаж байна. Газар тариалангийн үйлдвэрлэлийн хэмжээгээр улсад 3-т ордог.
Манай аймаг 7.2 мянган малчин өрхтэй, 2.7 сая малтай. Жилд дунджаар 1.0 сая орчим төл бойжуулан авдаг. Нийт мал сүргийн 11,2 хувийг өндөр ашиг шимтэй мал эзэлж байна. Монгол улсын анхны махны чиглэлийн “Сэлэнгэ” үүлдрийн үхэр, Нарийн, нарийвтар ноост “Хангай” үүлдрийн хонины хэсгийг бий болгосон.
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол олгох нийт 47 сургууль цэцэрлэг, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн 2 төвөөр мэргэжилтэй ажилтан бэлтгэх, хүүхэд залуусаа сурган хүмүүжүүлэх таатай орчныг бүрдүүлэн ажиллаж байна. Эрүүл мэндийн төрийн болон хувийн хэвшлийн 57 нэгж, байгууллага 800 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Үндэсний спорт, цана, тэшүүр, гар бөмбөг, буудлага, шатар, жүдо зэрэг спортын төрлүүд түлхүү хөгжсөн. Хөгжимт жүжгийн театр, Музей, Төв номын сан болон сумын соёлын төв, орон нутаг судлах танхим , МЗЭ-ийн салбар, Чөлөөт уран бүтээлчдийн сайн дурын нэгдэл зэрэг төрийн болон ТББ-ын 300 гаруй соёлын ажилтан, уран бүтээлчид иргэдэд урлаг соёлын үйлчилгээг хүргэж байна. Хүн амын 55.2 хувийг 0-35 хүртэл насны хүүхэд, залуучууд эзэлдэг. Хүүхдийн зуслан, ахмадын өвөл, зуны сувилал үйл ажиллагаагаа явуулж байна.
Бизнес орчин
Аймгийн хэмжээнд нийт 950 гаруй аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж жилд дунджаар 9237,0 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тус аймагт “Хангайн гурил” ХХК, төмрийн хүдэр боловсруулах “ Фокус металл майнинг”, нүүрс олборлох “Элчит металл” ХХК, Үртсэн шахмал түлшний зэрэг үйлдвэрүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Хөдөө аж ахуйн түүхий эдийг түшиглэн үр тариа жимс жимсгэнэ, мах сүү, ноос ноолуур боловсруулах үйлдвэр цехүүд эрчимтэй хөгжиж байна.
Дэд бүтэц
Аймгийн дэд бүтэц сайн хөгжсөн, төмөр замд ойрхон, 3 чиглэлээр улсын нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдсон. Бүх сум, зарим баг эрчим хүчний нэгдсэн систем, шилэн кабельд холбогдсон. Бага – Илэнх, Айнекийн хилийн боомттой. Үүрэн холбооны 5 оператор үйл ажиллагаа явуулж байна.