Гарчиг
Сүлд
Архангай аймаг
Эдийн засаг
Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд улсын чанартай зам дагуу 8 сумын 14 байршилд 4145 га газрыг шинээр суурьшил үүсэх боломжтой газар нутгаар төлөвлөөд байна. 2023 оны байдлаар он дамжин болон шинээр баригдаж байгаа 16 орон сууцны барилга байгаа бөгөөд 572 айл хамрагдах боломжтой. Мөн 2023 онд Булганхангай хороололд 4 байршлын 5.7 га талбайд 1000 айлын орон сууц баригдахаар төлөвлөгдөөд байна. Иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг бий болгох хүрээнд улсын төсвийн 26,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймгийн төвийн гэр хорооллын шинэчлэл, дэд бүтцийн ажлыг эхлүүлээд байна. Аймгийн төвд 300 ортой Нэгдсэн эмнэлгийн барилга 2023 онд ашиглалтад орно. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хавдрын эрт илрүүлгийн төв ашиглалтад орж, тоног төхөөрөмжийг бүрэн суурилуулсан бөгөөд эрүүл мэндийн бүхий л оношилгоо, эмчилгээг орон нутагт хийх боломж бүрдсэн. Шилжин суурьших иргэдэд нэг тулгамддаг асуудал хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж байдаг. Архангай аймгийн хувьд Ерөнхий боловсролын 30 сургууль, хүүхдийн 35 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангалттай учраас бүх хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах бүрэн боломжтой. Аймагт салбараа нээх, ажлын байр бий болгох томоохон аж ахуйн нэгжүүдийг татварын бодлого, газар олголт, хөнгөлөлттэй зээл, төсөл хөтөлбөрт хамруулах зэргээр дэмжин ажиллана.
Дэд бүтэц
Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж төсөл арга хэмжээний хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2014-2015 онд Тариат сум, 2020-2021 онд Эрдэнэмандал сум, 2022-2023 онд Ихтамир суманд инженерийн нэгдсэн шугам сүлжээнд холбогдох ажлууд хийгдэж байна. Орон нутгийн хөгжлийн сангаар Өгийнуур, Өлзийт, Хайрхан, Хотонт дулааны шугам сүлжээнд холбогдсон 8, ус хангамжийн шугам сүлжээнд холбогдсон 4, ариутгах татуургын шугам сүлжээнд холбогдсон 3 сум байна.
2022-2024 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 26.7 тэрбум төгрөгөөр “Аймгийн төвийн гэр хорооллын шинэчлэл, дэд бүтэц”-ийн ажлын хүрээнд цэвэр усны эх үүсвэрийн 2.3км шугам, гэр хорооллын цэвэр бохир усны 44.1км шугам, гүний худаг, 1500м3-ын төв усан сан, гэрэлтүүлэг, явган зам 14.8км тус тус хийгдэж байна.