
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН “ХУРДАН КЛУБ"-ИЙН СУРАГЧИД МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРКТАЙ ТАНИЛЦЛАА
Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх “ХУРДАН” өсвөрийн клубийн сурагчид хамтын үйл ажиллагааны хүрээнд өнөөдөр буюу 04-р сарын 11-нд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар болон МТҮП-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Өнөөдрийн сургалтыг МТҮП-ийн Сургалт, хөгжил хариуцсан ахлах менежер Ч.Сувд болон МТҮДТХДХ-ийн Инкубаторын менежер Ц.Энгүүнмөрөн нар байгууллагын танилцуулга, инкубаторын хөтөлбөр, шалгалт, сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тус тус танилцуулав.
Сургалтын хүрээнд сурагчид МТҮП-ийн инкубаторын хөтөлбөрт хамрагдаж буй стартап компаниудын үйл ажиллагаатай танилцан, гарааны бизнес эхлүүлэх санаа, шийдэл, хэрэгжүүлж буй төсөл болон цаашдын төлөвлөгөө зэрэгтэй танилцлаа.
"ХУРДАН” клуб нь хүүхэд залуусыг мэдээллийн технологийн чиглэлээр суралцахад нь дэмжлэг үзүүлэх, цахим ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой байгуулагдсан. Тус уулзалт нь орон нутгийн сурагчдад мэдээллийн технологийн салбарыг ойроос мэдрэх боломж олгож, ирээдүйн мэргэжлээ сонгоход нь чиг баримжаа өгсөн чухал үйл явдал боллоо.