loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

“АЛТАЙГАА НОМТОЙ ХОТ БОЛГОЁ” АЯНЫ ХҮРЭЭНД 13,447 НОМ ЦУГЛУУЛЖ, СУМДЫН НОМЫН САНГУУДАД ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2026-06-15

Говь-Алтай аймгийн Засаг даргын ивээл дор хэрэгжүүлсэн “Алтайгаа номтой хот болгоё” 10,000 ном цуглуулах аян 2026 оны 05 дугаар сарын 04-нөөс 05 дугаар сарын 17-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, аймгийн нийтийн номын сан болон сумдын номын сангийн сан хөмрөгийг баяжуулах зорилгоо давуулан биелүүллээ.

Аяны хүрээнд ном хэвлэн нийтлэгчид, зохиолчид, Улсын Их Хурлын гишүүд, төрийн болон төрийн бус 50 гаруй байгууллага, 400 гаруй иргэн идэвхтэй нэгдэж, 19 төрөл, 300 сая орчим төгрөгийн үнэ бүхий нийт 13,447 ном хандивлан бүрдүүлсэн байна.

Өнөөдөр аймгийн Нийтийн номын санд зохион байгуулсан “Сумдын номын санчдын танхимын сургалт”-ын үеэр номын аянаар цугларсан бүтээлүүдийг аймгийн Нийтийн номын сангийн уншлагын танхимууд, сумдын Соёлын төвийн номын сангуудын хэрэгцээнд нийцүүлэн хуваарилж, номын санчид болон Соёлын төвийн эрхлэгч нарт албан ёсоор гардуулан өглөө.

Энэхүү аян нь орон нутгийн иргэдийн ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэх, номын сангийн сан хөмрөгийг баяжуулах, хүүхэд залуус болон уншигчдад чанартай мэдлэг, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан ач холбогдолтой ажил болж байна.