“Говь-Алтай 80+” хөтөлбөрийн хүрээнд ахмад настнуудын эрүүл мэндийг дэмжих, идэвхтэй, зөв амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилготой алхалт, гүйлт, дасгал хөдөлгөөн, бүжгийн спортоор тогтмол хичээллэхийг уриалсан “Идэвхтэй насжилт-Дасгал хөдөлгөөн” аян өнөөдөр /2026.06.10/ албан ёсоор эхэллээ.
Аяны нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Э.Энхнаран оролцож, “Говь-Алтай 80+” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, ахмад настнуудын эрүүл, идэвхтэй амьдралыг дэмжих бодлого, зорилтын талаар мэдээлэл хүргэлээ.
Мөн аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн бүжгийн багш ахмад настнуудад шугаман бүжгийн анхан шатны дасгал зааж, хөгжим, хөдөлгөөнийг хослуулсан идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэхийн ач холбогдлыг танилцуулан, тогтмол дасгал хөдөлгөөнөөр хичээллэхийг уриалав.
Энэхүү аян нь ахмад настнуудын сонирхол, онцлог, хэрэгцээнд нийцсэн биеийн тамир, хөдөлгөөний үйл ажиллагааг дэмжихээс гадна тэдний бие бялдар, сэтгэл зүйн эрүүл мэнд, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байна. Цаашид аяны хүрээнд олон нийтийг хамарсан дасгал, алхалт, бүжгийн болон бусад идэвхтэй хөдөлгөөний арга хэмжээнүүдийг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөжээ.
“ГОВЬ-АЛТАЙ 80+” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД “ИДЭВХТЭЙ НАСЖИЛТ-ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН” АЯН ЭХЭЛЛЭЭ
2026-06-15
Төсөөтэй мэдээ







