
"Музейн нээлттэй өдрүүд-2025" улс орон даяар тав дахь өдрөө үргэлжиллээ.
Энэ хугацаанд Ховд аймгийн музейгээр 1000 орчим хүн үйлчлүүлжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 96 дугаар тогтоолоор төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд залууст үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.
Энэ жилийн хувьд сар шинийн баяр давхацсан тул Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын тушаалаар “Музейн нээлттэй өдрүүд”-ийг 2025 оны гуравдугаар сарын 7-13-ны өдөр зохион байгуулж, төрийн болон орон нутгийн 35 музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж буй.
Онцлоход, Ховд аймгийн Музей бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл агуулгын хүрээнд “Нүд баясаж сэтгэл сэргэнэ” гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж байна. Мөн “Соёмбо”, “Угсаатны хувцсаа урлая”, “Уламжлалт тоглоом наадгай", "Олон угсаатан”, “Ан амьтдыг танин мэдье” зэрэг боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, иргэд, хүүхэд, залууст шинэ мэдлэг, мэдээлэл түгээж байна.
70 гаруй жилийн түүхтэй Ховд аймгийн музейд 3000 гаруй үзмэр хадгалж байгаа.
Үүнээс он, цаг дарааллын хамгийн эхэнд бичигдэх үзмэр нь чулуун уур, нүдүүр.
Энэ нь шинэ чулуун зэвсгийн үе буюу МЭӨ 7000-4000 жилийн үед холбогдоно. Үүнийг хөх саарал боржин чулуугаар хийжээ.
Нүдүүрийн бариул хэсгийг нь хонины толгойн хэлбэр гаргаж урласнаараа онцлогтой.
Тус үзмэрийн өндөр 14 см, голдоч 17 см байна. Харин жин нь 6190 гр юм.
Түүнчлэн 16 литр багтаамжтай, зургаан бүслүүртэй, 20 кг жинтэй, өндөр нь 63.5 см буюу сууж байгаа хүнтэй зэрэгцэхүйц зэс домбо, сийлбэртэй ган дөрөө, чулуужсан мод гэх мэт сонирхолтой үзмэрүүд тус музейд бий.