loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
COP17  хурлын бэлтгэл ажлын хэсгийн хурал боллоо | HuduuMN

COP17 хурлын бэлтгэл ажлын хэсгийн хурал боллоо

2026-03-23

 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын (UNCCD) Талуудын 17 дугаар хурлын бэлтгэл ажлын хүрээнд ажлын хэсгийн уулзалтыг зохион байгуулж, UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч хатагтай Андреа Меза Мурильо болон тус конвенцын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 Уулзалтыг ЦХИХХ-ны дэд сайд Г.Баярхүү нээж, Монгол Улсад зохион байгуулагдах COP17  хурлын бэлтгэл ажлын хүрээнд анхаарах гол чиглэлүүдийг танилцууллаа. Тэрээр СОР17 хурлын албан ёсны вэб сайтын хөгжүүлэлт, дэд бүтцийн бэлтгэл, медиа төвийн төлөвлөлт, мөн олон улсын хэвлэл мэдээлэл болон олон нийтэд мэдээллийг шуурхай, хүртээмжтэй хүргэх харилцаа холбоо, мэдээллийн үйл ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажлын явцыг танилцууллаа.  Мөн СОР17 хурлын үеэр зохион байгуулагдах Ногоон бүсийн  медиа төлөвлөлтийг зохион байгуулах нь  чухал ач холбогдолтой болохыг онцлов.

ЦХИХХ-ны яам, COP17 хурлын бэлтгэл ажлын хүрээнд мэдээлэл, харилцаа холбоо, дижитал платформын зохион байгуулалтыг хангах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа.  Уулзалтын үеэр бага хурлын видео, аудио системийн бэлтгэл, хэвлэл мэдээллийн байгууллагуудад зориулсан шууд дамжуулалтыг зохион байгуулах техникийн шийдлийн талаар хэлэлцэв. Энэ хүрээнд РТҮС УТҮГ-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвням бага хурлын үйл ажиллагааг телевиз болон цахим сувгуудаар шууд дамжуулах техникийн боломж, зохион байгуулалтын талаар танилцууллаа.

Энэ үеэр UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч хатагтай Андреа Меза Мурильо Монгол Улс төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч байгаад талархал илэрхийлж, COP17  хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангахад талуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд талууд COP17  хурлын бэлтгэл ажлыг уялдуулан зохион байгуулах, мэдээлэл солилцоог эрчимжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр цаашид нягт хамтран ажиллахаар санал нэгдэв.