loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ЧИГЛЭЛЭЭР АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас төрийн байгууллагын эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, холбогдох албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх | HuduuMN

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ЧИГЛЭЛЭЭР АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас төрийн байгууллагын эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, холбогдох албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх

2026-06-22

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ЧИГЛЭЛЭЭР АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас төрийн байгууллагын эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, холбогдох албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Санхүү, эдийн засгийн их сургуультай хамтран чадавхжуулах сургалтыг 2026 оны 6 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтын нээлтийн үеэр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга П.Батбаатар үг хэлж, дэлхийн олон улс орон төрийн байгууллагын үр нөлөө, хариуцлага, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх зорилгоор эрсдэлийн удирдлагыг бодлого, төлөвлөлт, шийдвэр гаргалтын салшгүй хэсэг болгон хэрэгжүүлж байгааг онцоллоо. Түүнчлэн эрсдэлийн удирдлага нь зөвхөн  тодорхой бус байдал, алдаа, дутагдлыг бууруулах бус байгууллагын бүтээмж, ил тод байдал, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах чухал хэрэгсэл болохыг тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эрсдэлийн удирдлагын шинэчлэлийг эхлүүлэх зорилт тусгагдсан бөгөөд энэ хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас төрийн байгууллагын эрсдэлийн удирдлагын бодлого, хэрэгжүүлэх заавар, үнэлгээний аргачлалыг боловсруулан батлуулж, 2025 оны 5 дугаар сараас хэрэгжүүлж эхлээд байна.

Төрийн захиргааны 74 байгууллагын эрсдэлийн удирдлагын хэрэгжилтэд хийсэн шинжилгээний дүнгээр байгууллагуудын эрсдэлийн удирдлагын төлөвшлийн дундаж үнэлгээ 1.5 буюу “Үндэс суурь бүрдээгүй” түвшинд байгаа нь энэ чиглэлээр цаашид санаачилгатай  ажиллах шаардлагатай байгааг харуулжээ. Гэсэн хэдий ч Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Сэлэнгэ болон Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар  бусад олон байгууллага эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр тодорхой ажил эхлүүлж,  санаачилгатай ажиллаж байгааг онцолсон юм.

Мөн төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Эрсдэлийн удирдлагын гарын авлага”-ыг боловсруулж, сургалтын оролцогчдод хүргүүллээ. Уг гарын авлага нь эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, эрэмбэлэх, хариу арга хэмжээ төлөвлөх, хяналт-шинжилгээ хийх зэрэг практик арга зүйг багтааснаараа онцлог юм.

Сургалтад яам, агентлаг, аймаг, нийслэл, дүүргийн төрийн захиргаа удирдлагын нэгжийн албан хаагчид, эрсдэлийн удирдлага, дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний чиг үүргийг хэрэгжүүлдэг 140 гаруй удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан оролцож байна.

Төсөөтэй мэдээ

Сошиал хуудас дагах