ОРОН НУТГИЙН УУЛЗАЛТУУДААР МАЛЧДЫН ЕРӨНХИЙ ТУНХАГЛАЛ, ЗАЛУУ БОЛОН ЭМЭГТЭЙ МАЛЧДЫН ТУНХАГЛАЛЫГ ТУС ТУС ХЭЛЭЛЦЭН БОЛОВСРУУЛНА
Монгол Улсад 2026 оны 08 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Дэлхийн малчдын чуулган”-ы нэгдсэн хуралдааныг угтан Архангай, Баянхонгор, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Говьсүмбэр аймгууд руу чиглэсэн дэлхийн малчдын хээрийн аялал өнөөдрөөс эхлэж байна.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, ХХААХҮЯ, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж буй орон нутгийн бүсчилсэн уулзалт, “Олон улсын малчдын хэлэлцүүлэг” салбар бага хурлаар Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 22 малчин Монгол Улсын малчидтай уулзаж, бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн уламжлалт өв соёл, ахуй амьдралтай газар дээр нь танилцан, өөрсдийн мэдлэг, туршлагаа харилцан солилцоно.
Уулзалтаар малчдын амьжиргаа, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой бөгөөд малчдад тулгамдаж буй асуудлууд болон цаашдын боломж, шийдлийн талаар хамтран хэлэлцэж дараах баримт бичгүүдийг боловсруулахад өөрсдийн санал, дуу хоолойгоо нэгтгэнэ. Үүнд:
- Малчдын ерөнхий тунхаглал,
- Эмэгтэй малчдын тунхаглал,
- Залуу малчдын тунхаглалыг тус тус хэлэлцэн боловсруулах юм.
Мөн бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэл нь хүнсний аюулгүй байдлыг хангах, экосистемийн тэнцвэрийг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох болон түүний нөлөөллийг бууруулах, биологийн олон янз байдал, байгаль орчны тогтвортой байдал, хөдөөгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийн талаарх дэлхий нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд чиглэж байгаа юм
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
2026-08-11
Төсөөтэй мэдээ
2026.08.11
2026.08.11
2026.08.11






