loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ, УИХ-ЫН ГИШҮҮН, БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Б.БЕЙСЕН НАР БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА | HuduuMN

ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ, УИХ-ЫН ГИШҮҮН, БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Б.БЕЙСЕН НАР БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2026-06-15

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатаар ахлуулсан ажлын хэсэг, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен нарын бүрэлдэхүүнтэйгээр Баян-Өлгий аймагт ажиллаж, САТ-1 хэвшлийн шүлхий өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээтэй танилцлаа.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат аймгийн Онцгой комиссын хуралд оролцож, халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг сахиулах үйл ажиллагаанд нэн шаардлагатай зардалд зориулан ХХААХҮ-ийн сайдын багцаас 50 сая төгрөг шийдвэрлэлээ. Мөн устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг хууль, журмын дагуу шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байгаагаа онцлов.

Түүнчлэн шүлхий өвчинтэй тэмцэх ажилд үүрэг гүйцэтгэж буй төрийн албан хаагчдад талархал илэрхийлж, хээрийн нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчдын томилолт, хоол хүнсний зардлыг шийдвэрлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ.

САТ-1 хэвшлийн вирус нь сүүлийн жилүүдэд Европ, Ойрхи Дорнод болон Азийн зарим улс оронд тархаж, тухайн хэвшилд тохирсон вакцины дэлхийн эрэлт эрс нэмэгдсэн байна. Үүний улмаас вакцины олдоц хомсдож, үйлдвэрлэлийн ачаалал өсөхийн зэрэгцээ үнэ нэмэгдэх нөхцөл үүсээд байгаа юм.

Гэсэн хэдий ч Монгол Улсын Засгийн газар болон ХХААХҮЯ шуурхай арга хэмжээ авч, ОХУ-ын үйлдвэрлэгчтэй хэлэлцээр байгуулан САТ-1 хэвшлийн эсрэг 1.0 сая тун вакцин худалдан авахаар тохиролцжээ.

Мөн 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдөр ОХУ-тай вакцин нийлүүлэх гэрээ байгуулж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамаар дамжуулан Ланьжоу хотын вакцин үйлдвэрлэгчтэй цахим уулзалт зохион байгуулсан байна. Үүний үр дүнд ирэх долоо хоногт вакцины эхний татан авалтыг хийхээр болж, эхний нэг сая тун вакцин ирэх лхагва гарагт Монгол Улсын хилээр орж ирэхээр төлөвлөгджээ.

Ингэснээр БНХАУ-ын вакцин ирэх долоо хоногт, ОХУ-ын вакцин долоодугаар сарын 10-ны дотор Монгол Улсад нийлүүлэгдэхээр болж байна.