АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган 2026 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймагт ажиллаж, аймгийн удирдлагуудтай албан уулзалт хийлээ.
Уулзалтад аймгийн Засаг дарга О.Батжаргал, Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Алдарбаяр, Засаг даргын орлогч Г.Март, аймгийн ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Мөнхбат болон АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчид оролцов.
Уулзалтын үеэр талууд орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжил, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны боломж, Дорноговь аймгийн түүх, соёл, байгалийн өв, онцлогийг олон улсад сурталчлан таниулах чиглэлээр санал солилцлоо.
Энэ үеэр аймгийн Засаг дарга О.Батжаргал хамтын ажиллагааны хүрээнд орон нутагт хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, ажлуудыг танилцуулж, Дорноговь аймгийн аялал жуулчлалын нөөц, өв соёлыг олон улсад сурталчлах, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг орон нутгийн түвшинд өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ.