loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ДОРНОГОВЬ АЙМАГ, ЯПОН УЛСЫН ШИЗУОКА МУЖ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ 15 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА  | HuduuMN

ДОРНОГОВЬ АЙМАГ, ЯПОН УЛСЫН ШИЗУОКА МУЖ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ 15 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Дорноговь аймаг
2026-10-29 ~ 2026-10-30

 Япон Улсын Шизуока мужийн Дэд Амбан Захирагч орлогч ноён Цукамото Хидэцүна тэргүүтэй ажлын хэсгийг аймгийн Засаг дарга О.Батжаргал, аймгийн ИТХ-ын дарга Н.Алдарбаяр нар хүлээн авч уулзан хоёр талын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны 15 жилийн түүхэн замналыг эргэн дурсаж, өнгөрсөн хугацаанд бий болгосон ололт амжилтаа бататган, цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар санал солилцлоо.

        Хоёр бүс нутгийн хамтын ажиллагааны анхны шав тавигдсан түүхт цаг хугацаанаас хойш 15 жил өнгөрчээ. Түүхэн энэ хугацаанд боловсролын салбарт хүүхэд залуусынхаа оюуны мэлмийг нээж, эрүүл мэнд, байгаль орчны салбарт амьдралын чанарыг дээшлүүлж, аялал жуулчлал, хүмүүнлэгийн олон талт төслүүдийг хамтдаа амжилттай хэрэгжүүлсэн билээ.

        Цаашдын хамтын ажиллагааг бид дараах үндсэн чиглэлээр өргөжүүлэх бүрэн боломжтой юм. Үүнд:

• Боловсрол, хүүхэд залуучуудын солилцоо: Ахлах ангийн сурагч солилцооны хөтөлбөрийг өргөжүүлэх, ЕБС-ийн 5-р сургуулийн япон хэлний сургалтын орчныг сайжруулах.

• Байгаль орчин, усны нөөцийн тогтвортой ашиглалт: Бохир ус цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, саарал усны дахин ашиглалт, техникийн мэдлэг, туршлага солилцоог хөгжүүлэх.

• Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал: Эрүүл мэнд, асаргаа сувилгааны чиглэлээр мэргэжилтэн солилцох, хамтарсан сургалт, туршлага судлах арга хэмжээг дэмжих.

• Соёл, аялал жуулчлал, хүмүүнлэгийн харилцаа:Үндэсний язгуур урлаг, соёлын арга хэмжээ, аялал жуулчлалын туршлага солилцоо, иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх.

• Хүний нөөц, мэргэжлийн туршлага солилцоо: Төрийн албан хаагчид болон салбарын мэргэжилтнүүдийг харилцан сургах, орон нутгийн хөгжлийн чиглэлээр мэдлэг, туршлага солилцох.

• Ногоон хөгжил, хамтын бүтээн байгуулалт: Хоёр талын нэрэмжит найрамдлын төгөл бий болгох, байгаль орчныг хамгаалах санаачилгыг хэрэгжүүлэх.

• Спорт, залуучуудын хамтын ажиллагаа: Жүдо болон бусад спортын чиглэлээр тамирчин, дасгалжуулагч солилцох, хамтарсан бэлтгэл, сургалт зохион байгуулах.

• Эдийн засаг, бизнесийн харилцаа: Худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалын салбарын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг судлах.

        Эдгээр санал нь хоёр талын хамтын ажиллагааг зөвхөн төрийн байгууллагуудын түвшинд бус, иргэд, хүүхэд залуучууд, мэргэжлийн байгууллага, бизнес эрхлэгчдийн оролцоонд тулгуурлан өргөжүүлэхэд чиглэж байна.