
Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал ОХУ-ын Эрхүү мужийн захирагч И.И.Кобзевийн тус мужид албан айлчлал хийлээ.
2023 оны 03 дугаар сард Дорноговь аймаг болон Эрхүү мужийн хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан хамтран ажиллах эхлэлийг тавьсан бөгөөд манай аймгаас тус мужид хийгдсэн анхны өндөр түвшний айлчлал боллоо.
Талууд энэхүү уулзалтаар бүс нутгуудын хэмжээнд хамтарч ажиллах боломжит чиглэл, тэр дундаа Дорноговь аймагт нэн шаардлагатай байгаа мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх талаар санал солилцлоо.
Тодруулбал Төмөр замын мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх, Орос хэлний бэлтгэлд хамруулах, нарийн мэргэжлээр аймгийн оюутнуудыг сургах бөгөөд агрономич, малын эмч, мал эмнэлгийн лаборант Экологич "Уул уурхайн нөлөөллийн бүсийг судалж, мониторинг хийх" нар, салхины цахилгаан станцад ажиллах инженер, техникийн ажилтан, Цацраг идэвхийг хянах инженер, Онцгой байдлын газрын албан хаагчдыг мэргэшүүлэх, хамтарсан сургалт, хээрийн бэлтгэл зохион байгуулах, Эрхүү мужаас орос хэлний багш нарыг жилийн хугацаагаар Дорноговь аймгийн сургуулиудад багшлуулах, АШУИС-ийн Дорноговь аймаг дах салбар сургуулийг өргөтгөж, шинэ кампус барьж байгаатай холбогдуулан багш нарыг чадавхжуулж, Эрхүү мужид магистр, докторын зэрэг хамгаалуулах чиглэлээр суралцуулах хүсэлтээ илэрхийлэн үр дүнтэй яриа өрнүүлж энэ чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажиллахаар тохиров.
Мөн аймгийн Засаг дарга О.Батжаргал Эрхүү хотын Анагаахын Их Сургууль, Үндэсний судалгаа техникийн их сургууль, Ерөнхий боловсролын 19, 44 дүгээр сургуулиар зочилж тус сургуулийн багш, удирдлагуудтай албан ёсны уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр хоёр талын боловсролын салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон бөгөөд багш, сурагч солилцоог эрчимжүүлэх, орос хэлний хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ.
Олон жилийн уламжлалт найрсаг харилцаатай Дорноговь аймаг, Эрхүү мужийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, өндөр дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалахад энэ удаагийн айлчлал чухал ач холбогдолтой боллоо.