
Хүүхдийн эрхийг бүх түвшинд онцгойлон анхаарч, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх талаар байгууллагуудын болон олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллах чиглэлийн дагуу хүүхдийн лигийн тэмцээнийг Дорноговь аймгийн Сагсан бөмбөгийн холбоо, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Дэлгэр говийн Хүн сан хамтран зохион байгууллаа.
Сагсан бөмбөгийн спортыг олон нийтэд сурталчилж, тамирчдын залгамж халааг бэлдэх, өсвөрийн тамирчдын ур чадвар, амжилтыг ахиулах зорилготой “Ирээдүй” хүүхдийн лигийн тэмцээнд Ерөнхий боловсролын 7-н сургуулийн 24 багийн 270 гаруй тамирчин оролцлоо.
Хаалтын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Очирпүрэвийн Батжаргал оролцож аймаг орон нутагт зохион байгуулж байгаа хүүхдийн лигийн тэмцээнээр дамжуулан холбоод хоорондын хамтын оролцоо нэмэгдэж, хүүхдийн хөгжил, авьяас чадвар сайжрахаас гадна үндэсний хэмжээний авьяастай тамирчид олноор төрөн гарч аймаг орон нутгийнхаа нэрийг тив, дэлхий, олон улс, улсын хэмжээнд гаргах боломжтой хэмээн бүх цаг үед дэмжиж хамтарч ажиллахаа илэрхийллээ.