Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд тулгамдаж буй асуудлыг бодитой тодорхойлох, шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх зорилгоор уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Уулзалтад хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийгмийн даатгалын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Дорноговь аймаг дахь Америкийн төвийн American corner, Dornogovi холбогдох албан тушаалтнууд оролцож, иргэдийн санал хүсэлт, тулгамдаж буй асуудлын талаар эрх хэмжээнийхээ хүрээнд холбогдох мэдээлэл, тайлбар, хариулт өгч ажиллав.
Хэлэлцүүлгийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний хэрэгжилт, үр дүн, цаашид анхаарах асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ төрийн үйлчилгээ, барилга байгууламж, нийтийн эзэмшлийн орчин, мэдээллийн хүртээмжийг сайжруулах боломжийн талаар санал солилцлоо. Мөн боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, бие даан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээг хөгжүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэх асуудлыг хөндөн ярилцав.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал, оролцоонд тулгуурлан орон нутгийн бодлого, төлөвлөлт, төсөвт тусгах шаардлагатай арга хэмжээг тодорхойлох, байгууллага бүрийн чиг үүрэг, хариуцлагын хүрээнд шийдвэрлэх боломжтой асуудлыг ангилан эрэмбэлэх, хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах талаар санал дэвшүүллээ.
Уулзалт, хэлэлцүүлгээс гарсан санал, хүсэлт, дүгнэлтийг нэгтгэн холбогдох асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороогоор хэлэлцүүлэх, эрх бүхий байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлэх, цаашдын бодлого, төлөвлөлт болон хяналт-шинжилгээний үйл ажиллагаанд тусган ажиллахаар зорьж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хүндэтгэн хамгаалах, нийгмийн амьдралын бүхий л салбарт тэгш оролцох боломжийг бүрдүүлэх нь төр, иргэн, байгууллага бүрийн хамтын хариуцлага бөгөөд хүртээмжтэй, саадгүй орчныг бий болгох, хүн бүрийн оролцоог хангах чиглэлээр орон нутгийн түвшинд хамтын ажиллагааг үргэлжлүүлэн өрнүүлэх нь чухал юм.