Газар
Аймгийн хэмжээнд ашиглах боломжтой 94.3 мянган га тариалангийн талбай байдгаас 17 сумын 27.2 мянган га атаршсан тариалангийн талбайг иргэд ААН-д эзэмшүүлж үр тариа, төмс, хүнсний ногоо тариалах боломжийг олгоно. Мөн хүнсний ногооны үр үнэгүй олгож, үр тариа, хүлэмжийн аж ахуй эрхлэхэд хөнгөлөлт үзүүлнэ.
Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавтай ярилцлаа.
-“Нээлттэй Хэнтий” өдөрлөг Улаанбаатар хотноо болох гэж байна. Энэ өдөрлөгийн талаар мэдээлэл өгөөч. Өдөрлөгөөр ямар арга хэмжээнүүд болох вэ?
-Монгол Улсын Засгийн газраас хот хөдөөгийн тэнцвэрт байдлыг хангах, хүн амын төвлөрлийг сааруулах зорилгоор хөдөөгийн сэргэлтийн бодлого дэвшүүлснийг орон нутгийн удирдлагууд бид олзуурхан хүлээн авч, хэрэгжүүлэх ажилдаа шамдан орж байгаа. Манайх шиг нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг улсын нийслэлд хүн амын гуравны нэг нь амьдарч байгаа нь Улаанбаатар хотод оршин сууж байгаа иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж байна. Үүнээс гадна хөдөө орон нутгийн иргэдийн хувьд бизнесээ өргөжүүлэх боломжууд хумигдаж, орон нутаг эдийн засгаа тэлэх, орчин үеийн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх тал дээр хүндрэлтэй байна. Тиймээс бид аймгийнхаа хүн амын 10 хувьтай тэнцэх тооны буюу 8000 орчим иргэнийг орон нутагтаа татах үүрэг хүлээсэн. Бидний гол зорилго иргэдийг Улаанбаатар хотоос шилжүүлэн авчрах тул хотод өдөрлөгөө хийж байгаа юм.
Өдөрлөгийн үеэр шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгож байгаа боломжууд, татварын хөнгөлөлт, аялал жуулчлал, газар тариалангийн салбар, хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулах боломжтой газрын байршлууд болон иргэдэд олгох газрын мэдээлэл, нээлттэй байгаа ажлын байр, оюутнууд, төрийн албан хаагчдад зориулсан сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох “Зөгийн үүр” хөтөлбөр, эмч, сувилагч, багш нарын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг танилцуулахын зэрэгцээ Хэнтий аймгийн 18 сум, таван тосгонд шилжин ирэх хүсэлтэй иргэд, ААН-ийн бүртгэлийг газар дээр нь шийдвэрлэнэ. Мөн Хэнтий аймагт үйлдвэрлэсэн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.
-Аймгийн хэмжээнд шилжин суурьших төрийн албан хаагчид болон залуучууд, оюутнуудыг нутагтаа ирж ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлэх чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ? -Бид төрийн албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор улс болон орон нутгийн 40 хувийн нэмэгдлийг олгодог. Эмч, багш нар улсын хэмжээнд төдийгүй орон нутгийн хэмжээнд ч дутагдалтай байгаа тул бид эмч, багш нарын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг энэ оноос эхлэн хэрэгжүүлж, байр орон сууцтай болоход нь 25 хүртэлх сая төгрөгийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх болзолт уралдаан зарласан. Үүнийг цаашид жил бүр тогтмолжуулна. Мөн аймгийн Засаг даргын нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох “Зөгийн үүр” хөтөлбөрийг хоёр дах жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрөөрөө дамжуулан орон нутагт дутагдалтай мэргэжлээр суралцаж байгаа 3, 4 дүгээр курсийн оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог. Энэхүү тэтгэлэгт хамрагдсан оюутнууд гурван жилээс дээш хугацаанд орон нутагт ажиллах гэрээ байгуулдаг.
-Хэнтий аймаг орон сууцжуулах хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа. Жишээ нь, энэ жил хэдэн айлын орон сууцыг ашиглалтад оруулах вэ? -Аймгийн хэмжээнд 2022 он хүртэл ашиглалтад орсон 3500 орчим айлын орон сууцны барилгатай. Энэ онд 500 орчим айлын барилга ашиглалтад оруулах бол цаашид 1300 айлын барилга баригдахаар төлөвлөгөөнд тусгагдсан. Гэсэн хэдий ч манай аймагт 12 мянга гаруй айлын орон сууцны хэрэгцээ шаардлага байсаар байна. Хэнтий аймагт орон сууцны борлуулалтын үнэ дунджаар нэг ам метр нь 2.4 сая төгрөгийн үнэтэй байгаа нь Улаанбаатар хоттой харьцуулахад нэг сая орчим төгрөгөөр хямд байгаа юм. Орон нутгийн зүгээс иргэдийг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах зорилт тавьж “Хэнтий орон сууц” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулж нэг ам метр нь 1.9 сая төгрөгийн үнэ бүхий 60 айлын хоёр блок барилга ашиглалтад оруулсан бол энэ онд 110 айлын гурван блок барилга баригдаж байна. Иргэд маань эдгээр орон сууцаас сонголтоо хийхээс гадна Хэнтий аймгийн аль ч суманд өөрийн гэсэн тохилог орон сууц, хувийн хаус барих дэд бүтцийн асуудлыг бид шийдсэн.
-Хэнтий аймгийн төвөөс гадна сумдад амьдрахаар очих хүмүүст ямар таатай нөхцөл, боломж байгаа вэ? -Манай аймгийн 18 сум, дөрвөн тосгод бүгд төвлөрсөн цахилгаан хангамжид холбогдсон. Бүх сумын төв төвлөрсөн дулаан хангамжийн систем бүхий усан халаалтын зуухтай. Зургаан сум бохир ус ариутгах татуургын төвлөрсөн цэвэрлэх байгууламжтай. Үүнийгээ дагаад сум орон нутагт орон сууц болон хувийн хаус барих бүрэн боломжтой. Хэнтий аймагт хөрөнгө оруулалт жил бүр нэмэгдэж байгаагийн зэрэгцээ нийт хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг дэд бүтцийн салбарт чиглүүлж байна. Тодруулбал, 2023 онд улсын төсвийн 279 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 92 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхийн 66 хувийг дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, авто замын салбарт зарцуулж, иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийг тэргүүлэх чиглэлээ болгон ажиллаж байна. Манай аймаг төрийн болон хувийн өмчийн 28 сургууль, 38 цэцэрлэгтэй. ЕБС-д суралцагчдын анги дүүргэлт 26.6, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын бүлэг дүүргэлт 26.2 хувьтай байгаа нь улсын дунджаас бага үзүүлэлт юм. Манай аймагт орон нутаг дахь хамгийн том сургууль болох 1500 хүүхдийн хүчин чадалтай “Хэрлэн” лаборатори нэгдүгээр сургууль, орон нутаг дахь анхны олон улсын хөтөлбөртэй “Бэрх” сургууль, Монгол Улсад ганцхан байдаг төрийн өмчит ясли үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс шилжин ирсэн иргэдийн хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэг, сургуульд хамруулах боломжтой. Хамгийн чухал нь агаар нь цэнгэг, ус нь тунгалаг, амар амгалан, аюулгүй тайван амьдрах боломжийг иргэдэд санал болгож байгаа. Эрүүл хөрсөнд өөрийн гараар тариа ногоогоо тарьж, тал нутагт тааваараа бэлчих мал сүргээ өсгөж, замын түгжрэлд өнгөрөөх цаг хугацгаагаа хайртай хүмүүстэйгээ, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг хугацааг санал болгож байна.
-Орон нутагт ажлын байр хомстолтой байдаг. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар мэдээлэл өгөөч?
-Аймгийн хэмжээнд яг одоо төрийн болон хувийн хэвшилд нээлттэй байгаа 300 гаруй ажлын байр бэлэн байна. Цаашид жил бүр 1000-аас доошгүй ажлын байр шинээр бий болно. Өмнө нь хэлсэнчлэн манай аймагт 92 төсөл, арга хэмжээ хэрэгжиж, бүтээн байгуулалтын ажлууд ид өрнөж байна. Бид энэхүү салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдтэй гэрээ байгуулж, орон нутгаасаа ажиллах хүч авахад хамтран ажилладаг. Тиймээс бүтээн байгуулалтын салбарт жил бүр 1200 гаруй ажлын байр бий болдог. Шилжин ирэх иргэд маань эдгээр ажлын байруудаас сонголтоо хийхээс гадна хувийн бизнесээ эхлүүлж өөрөө өөртөө ажлын байр нэмэгдүүлэх боломж байгаа.
-Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг хэрхэн дэмжиж байна вэ. Бизнес эрхлэх орчныг сайжруулах талаар орон нутгийн засаг захиргаанаас ямар бодлого баримталж байна вэ?
-Хэнтий аймаг нь мянганы суут хүн их эзэн Чингис хааны төрж өссөн нутаг, Монголын их эзэнт гүрэн байгуулагдсан түүхэн газар орон. Монгол Улсын Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын тулгуур бүс нутаг болгон хөгжүүлэхээр шийдвэрлэж, түүх соёлын дурсгалт газруудад “Их хуралдай”, “Тэнгэрийн андгай”, “Шихихутаг”, “Монголын нууц товчоо”, “Чингис хаан” цогцолбор болон Монголын далд уул уурхайн музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төвийг бүтээн байгуулж байна. 2022 онд гадаад, дотоодын 54 мянган жуулчин Хэнтий аймагт хүрэлцэн ирж 8.2 тэрбум төгрөгийн орлого оруулсан судалгаа байна. Аялал жуулчлалын цогцолбор баригдаж байгаа сумдад 11 жуулчны бааз байгаа нь хангалтгүй юм. Тиймээс аялал жуулчлалын салбарт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэдэд ашигтай боломжууд манай нутагт байна. Бид эдгээр цогцолборуудыг түшиглэсэн аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэх иргэд, ААН-үүдэд нээлттэй сонгон шалгаруулалтаар газар олгож, төрөөс шалтгаалах бүх талын дэмжлэгийг үзүүлж хамтран ажиллана. Мөн өмнө нь хэлсэнчлэн манай аймагт 12 мянга гаруй айлын орон сууцны хэрэгцээ шаардлага байсаар байна. Тиймээс барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдэд бүрэн дүүрэн боломж харагдаж байгаа юм. Бид дэд бүтцийг нь шийдсэн газар олгохоос гадна төрөөс шаарддаг бичиг баримт, шат дарааллыг буруулж түргэн шуурхай үйлчилгээг үзүүлнэ. Түүнчлэн Хэнтий аймаг 80.3 мянган хавтгай дөрвөлжин газар нутагтай, үржил шим бүхий хар шороон хөрс, газар тариалангийн талбайтай. Аймгийн хэмжээнд ашиглах боломжтой 94.3 мянган га тариалангийн талбай байдгаас 17 сумын 27.2 мянган га атаршсан тариалангийн талбайг иргэд ААН-д эзэмшүүлж үр тариа, төмс, хүнсний ногоо тариалах боломжийг олгоно. Мөн хүнсний ногооны үр үнэгүй олгож, үр тариа, хүлэмжийн аж ахуй эрхлэхэд хөнгөлөлт үзүүлнэ.
-Сүүлчийн асуултыг танд үлдээе. Хэнтий аймагт шилжин суурьших хүсэлтэй иргэдэд хандаж хэлэх үг байгаа байх?
-Та бүхнийг хөдөлмөр бүтээл ундарсан, хөгжил дэвшилд манлайлсан, бүтээн байгуулалт өрнөсөн, ажилсаг найрсаг зон олон, 100 жилийн түүхтэй Хан Хэнтий аймгийг зорин ирэхийг урьж байна. Улс орныхоо хөгжлийг бид Улаанбаатар хотоор биш улс нийтээрээ хардаг байх хэрэгтэй. Хүн амын төвлөрлийг орон нутагт шилжүүлснээр бид тэгш хөгжил, тэгш боломжийг бий болгох юм. Таныг стрессгүй амьдрал, эрүүл цэнгэг агаар, илүү боломжтой нутагт минь хүрэлцэн ирж бизнесээ, ажил, амьдралаа цэцэглүүлэхийг урьж байна.