loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
99 хоногт 5000 км замыг туулахаар гүйж буй “Таван цэг” багийн тамирчдыг угтан авлаа | HuduuMN

99 хоногт 5000 км замыг туулахаар гүйж буй “Таван цэг” багийн тамирчдыг угтан авлаа

2025-04-10

  Хэт холын зайд гүйж буй “Таван цэг” багийн тамирчид 350 км замыг туулан өнөөдөр Ховд аймагт ирлээ. 

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, цэрэгжлийн спортын мастер, ахлах ахлагч Э.Даваажамц, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн гүүрчин аврагч, спортын мастер, дэд ахлагч Б.Буянхишиг нар ийнхүү ес дэх өдрөө гүйж явна. 

Тэд Баян-Өлгий аймгийн нутаг, Алтай таван богдын Сонгинотын даваагаас хэт холын зайн гүйлтээ эхэлсэн юм. 

Улмаар эх орныхоо дөрвөн зүгийн хязгаарт орших Соёмбот баганыг Монгол Улсынхаа төв цэгтэй холбосон 5000 км замыг 99 хоногт туулахаар төлөвлөж буй.  

Өөрөөр хэлбэл, 

  • Баруун захын цэг болох Алтай таван богдоос зүүн захын цэг Дорнод аймагт байрлах Соёлз уулын Модот хамар хүртэл 11 аймгийн 40 сумын нутаг дэвсгэрээр 3280 км замыг 63 хоногт  
  • Хойд захын цэг болох Хөвсгөл аймагт байрлах Монгол шарын даваанаас өмнөд захын цэг Өмнөговь аймгийн Орвог гашууны Бор толгой хүртэл таван аймгийн 23 сумын нутаг дэвсгэрээр 1720 км замыг 36 хоногт туулж, долоодугаар сарын 10-нд барианд орохоор тооцжээ.  

Эр зориг, тэсвэр хатуужил гарган хүүхэд, залууст үлгэрлэж яваа тэднийг өнөөдөр Зэвсэгт хүчний Жанжин штабын бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал С.Ванчинхүү тэргүүтэй албаны төлөөлөл, иргэд, хүүхэд, залуусын төлөөлөл Ховд аймгийн төв талбайд угтан авч, амжилт хүслээ. 

Гүйлт хуваарийн дагуу цааш үргэлжилж байна. 
Онцлоход, ахлах ахлагч Э.Даваажамц хэт холын зайн гүйлтээр 2021 онд 46 хоногт 2127 км замыг туулж байсан туршлагатай.