Ховд аймгийн Хар-Ус нуур дээр зохион байгуулах “Мөнгөлөг шагшуурга-2026” мөсний баярын хөтөлбөр гарчээ.
Тус баярыг зохион байгуулахад Ховд аймагт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, холбоод хамтран ажиллаж байгаа юм.
Хоёрдугаар сарын 7, 8-нд болох мөсний баярын үйл ажиллагааны хөтөлбөрийг урьдчилсан байдлаар гаргаж, цахим хэлбэрээр танилцууллаа.
Оролцогч талуудын санал, хамтын ажиллагааны хүрээ, хэрэгжилтийн нөхцөл байдлаас шалтгаалан тус баярын хөтөлбөрт тодорхой өөрчлөлт орох боломжтой. Мөн аж ахуйн нэгж, байгууллагууд нь өөрийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэлэг санаачилгыг иргэдэд танилцуулах, өвлийн аялал жуулчлалын хөгжлийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулах боломжтой бөгөөд баярт оролцох хүсэлт, хамтран ажиллах санал хүсэлтээ албан ёсоор ирүүлэхийг “Мөнгөлөг шагшуурга-2026" мөсний баярын ерөнхий зохион байгуулагч Ховд аймгийн “Олон угсаатан” аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдэгдлээ.
Түүнчлэн зарим иргэд баярын өдрүүдэд хог хаягдал болон бие засах газрын асуудлыг шийдвэрлэх, Хар-Ус нуур, байгаль орчныг хамгаалсан эко зохион байгуулалт хийхэд анхаарахыг хүслээ. 


“Мөнгөлөг шагшуурга-2026" мөсний баярын хөтөлбөр гарчээ
2026-01-27
Төсөөтэй мэдээ