
Эрчим хүчний яам, БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй дулааны станцын ерөнхий гүйцэтгэгч “Бьюксан инженеринг” ХХК туслан гүйцэтгэгч “Энерготех сервис” ХХК ажиллаж байна.
Уг төслөөр 10 Гкал/цаг бүхий хүчин чадалтай 3ш эргэлдэх буцлах давхаргатай зуух бүхий дулааны станц, 8,3км дулаан дамжуулах шугам сүлжээ, 11ш дулаан дамжуулах төвийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэнэ.
Арвайхээр хотноо баригдах шинэ дулааны станц ашиглалтад орсноор хамгийн ихээр тулгамдаж буй агаарын бохирдол 80 хүртэл хувиар буурч, халаалтын найдвартай байдал дээшилж, аж ахуйн нэгжүүд шинээр дулааны шугамд холбогдох техникийн боломж бүрдэнэ. Мөн орон нутгийн үйлдвэрлэл нэмэгдэхийн сацуу эдийн засгийн эргэлт нэмэгдэнэ.
Төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн төвд автомат удирдлагын систем бүхий хүрээлэн буй орчинд бохирдол багатай 30 Гкал/цаг хүчин чадалтай нүүрсээр ажилладаг дулааны станц, 400 - 80 мм-ийн голчтой 9,1 км урт дулаан дамжуулах шугам сүлжээ мөн 1,1-4,5 Гкал/цагийн хүчин чадалтай 11 дулаан дамжуулах төв бүхий төвлөрсөн дулаан хангамжийн систем бий болно.
Шинэ технологийн зуух нь хамгийн бага илчлэгтэй нүүрсийг ч бүрэн шатаах ашигт үйлийн коэфициент (85-90%) өндөртэй тул нүүрсний хэрэглээг 40 гаруй хувь, үнсний гаралтыг 25 хувь хүртэл бууруулах юм. Энэхүү станцаас ялгарах утаанд илүү нарийн шаардлага бүхий БНСУ-ын агаарын чанарын стандартыг мөрдөнө. Тухайлбал одоо ажиллаж байгаа дулааны станцуудын дундажтай харьцуулахад утаанд агуулагдах хүхрийг 80 хувь, азотыг 75 хувь, тоосонцрыг 99 хувь, нүүрсхүчлийн хийг 50 гаруй хувиар тус тус бууруулна.