loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Л.ТӨМӨРЧӨДӨР ЗУУНМОД ХОТЫН 5 ДУГААР СУРГУУЛЬ БОЛОН СПОРТЫН СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ | HuduuMN

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Л.ТӨМӨРЧӨДӨР ЗУУНМОД ХОТЫН 5 ДУГААР СУРГУУЛЬ БОЛОН СПОРТЫН СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

2025-04-28

Зуунмод сумын 5 дугаар сургуулийн их засвар, 320 хүүхдийн сургуулийн өргөтгөлийн зураг төсвийг 2022 онд хийлгэж, 2024 оны 07 сарын 16-ны өдөр их засварын ажлыг эхлүүлсэн.

Барилга угсралтын газрын конторын зориулалттай барилгад 30 жил үйл ажиллагаа явуулж ирсэн уг сургууль цаашид хэвийн ажиллахад хүндрэлтэй болсон учир их засвар хийх, өргөтгөл барихаар шийдвэрлэж, өнөөдрийн байдлаар их засварын ажил, 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгын ажил ид явагдаж байна.

5 дугаар сургуулийн 60 гаруй багш, ажилчид, 950 сурагчид энэ хичээлийн жилд Зуунмод сумын 640 хүүхдийн Спортын төрөлжсөн сургалттай Ерөнхий боловсролын шинэ сургуульд хичээллэж байна. 

Сургуулийн их засвар, өргөтгөлийн барилгыг 2026 онд дуусгаж ашиглалтад хүлээлгэн өгөх нөхцөл байдал үүсээд байгаа нь төсвийн хуваарилалтаас шалтгаалж байна. Төсөв шийдэгдвэл 2025 онд ашиглалтад оруулж болно хэмээн гүйцэтгэгч компанийн зүгээс хэлж байв.

Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр аль болох түргэн хугацаанд төсвийн асуудлыг шийдвэрлэхээ илэрхийлж, эхний ээлжинд сургуулийн үндсэн барилгад хийгдэж буй их засварын ажлыг дуусгаж. Энэ ондоо багтаан ашиглалтад оруулахад анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм. 

Мөн Спортын төрөлжсөн сургалттай Ерөнхий боловсролын сургуульд 660 гаруй хүүхэд суралцаж, 29 багш, 27 ажилтан ажиллаж байна. Тус сургууль 640 хүүхдийн суудалтай ба 2024 оны 08 дугаар сард ашиглалтад орж, хичээл сургалтын үйл ажиллагаа эхлүүлсэн.Тус сургуулийн нэг жигүүрт 5 дугаар сургууль хичээл, сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.

Нэг барилгад хоёр сургууль үйл ажиллагаа явуулж байгаа учир Спортын сургалттай шинэ сургууль бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүй, үйл ажиллагаа нь жигдрэхгүй байгаа талаар болон сургуулийн гадна, дотор тохижилт дутуу, зарим заал танхимд хатуу, зөөлөн эдлэл дутагдалтай, автомашины зогсоол байхгүй зэрэг асуудлуудыг сургуулийн удирдлагууд хэлж байсан юм.

Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, багш ажилчидтай уулзсаныхаа дараа 5 дугаар сургуулийн барилгын их засварын ажлыг түргэвчлэх, спортын сургуулийн эргэн тойрны газрыг тохижуулж, автомашины зогсоолтой болгох ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэлээ.