loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
МОНГОЛ, ЯПОНЫ ХАМТАРСАН “НЬЮ УЛААНБААТАР ИНТЕРНЭЙШНЛ ЭЙРПОРТ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, АЛБАН УУЛЗАЛТ ХИЙВ | HuduuMN

МОНГОЛ, ЯПОНЫ ХАМТАРСАН “НЬЮ УЛААНБААТАР ИНТЕРНЭЙШНЛ ЭЙРПОРТ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, АЛБАН УУЛЗАЛТ ХИЙВ

2025-02-24

Өнөөдөр Төв аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд, Засаг даргын орлогч Б.Батбаатар тэргүүтэй удирдлагууд шинэ нисэх буудлын менежмент, үйл ажиллагааг хариуцан ажилладаг  Монгол, Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт компани”-ийн гүйцэтгэх захирал Китанака Такэфуми тэргүүтэй Монгол, Японы төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах асуудлаар харилцан санал солилцов. Төв аймгийн зүгээс жилдээ 2 сая орчим зорчигч хүлээн авдаг шинэ нисэх буудлыг түшиглэн ирж буцах жуулчдыг өөрийн аймаг, орон нутагт татах бүхий л боломжийг эрэлхийлж байгаагаагаа илэрхийлсэн бөгөөд “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт компани”-ийн зүгээс манай аймгийн соёл, урлагийн байгууллагыг дэмжин ажиллахаа илэрхийлсэн.

Энэхүү саналыг үндэслэн Төв аймгийн “Монгол туургатан театр”-ын уран бүтээлчид нисэх онгоцны буудалд түр саатсан, дамжин нисэх нислэгээ хүлээж байгаа зорчигчдод зориулан үндэсний урлагаа сурталчлан таниулах, “Өв соёлын өргөө цогцолбор”-т тодорхой цагийн хуваарийн дагуу жуулчид, зорчигчдод зориулан тоглолт зохион байгуулах боломжтой гэв.

Мөн Төв аймгийн талаар жуулчид, зорчигчдод мэдээлэл хүргэх зорилгоор ажиллуулж байсан “Мэдээллийн төв”-ийн үйл ажиллагааг эргэн сэргээх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Эдгээр саналыг хоёр тал хэлэлцэн, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломжтой эсэх нь тодорхой болвол хамтын ажиллагааны “Санамж бичиг” үзэглэхээр боллоо.

Уулзалтын дараа зочид, төлөөлөгчид Монгол туургатан театрын уран бүтээлчдийн “Энх мэндийн даллага II” шашин, урлагийн цэнгүүнийг үзэж сонирхох юм.