loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ШИНЭ ХОРШОО” ХӨДӨЛГӨӨНИЙ ТӨВИЙН БҮСИЙН НЭЭЛТЭД ТӨВ АЙМГАА ТӨЛӨӨЛӨН 111 ХҮН ОРОЛЦОЖ БАЙНА | HuduuMN

“ШИНЭ ХОРШОО” ХӨДӨЛГӨӨНИЙ ТӨВИЙН БҮСИЙН НЭЭЛТЭД ТӨВ АЙМГАА ТӨЛӨӨЛӨН 111 ХҮН ОРОЛЦОЖ БАЙНА

2024-05-07

Ган зуданд тэсвэртэй, малын түүхий эд бүтээгдэхүүнээ анхан шатанд боловсруулдаг, малчид улс орны чинээлэг дундаж давхаргыг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас орон даяар өрнүүлж байгаа “Шинэ хоршоо” хөдөлгөөний төвийн бүсийн нээлт Дархан-Уул аймагт өнөөдөр болж байна. Нээлтин арга хэмжээнд Төв аймгаас удирдах албан тушаалтан, малчид, хоршоологчдын төлөөлөл 111 хүн оролцож "Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар мэдээлэл авч, санал солилцож байна. Малын түүхий эд үнэгүйдсэн энэ цаг үед төр малчдаа дэмжиж, анхан шатны боловсруулалтаа хийх хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдэх бодлогыг энэхүү хөдөлгөөнөөр зохицуулж, хоршооны гишүүн малчин 80-100 хувийн батлан даалтаар жилийн 6 хувийн хүүтэй 50 сая төгрөг хүртэлх зээл авч, хоршоод анхан шатны боловсруулалт хийдэг болох нь энэ хөтөлбөрийн гол зорилго юм. Ингэснээр үнэгүйдээд буй малын түүхий эд, арьс шир боловсруулалтад орж, малчид нэмүү өртөг шингэсэн үнээр бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж, нэг малчин айлын сарын орлого 5 сая төгрөгт хүрч, мал аж ахуйн салбар Дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувийг бүрдүүлдэг болоход хөдөлгөөний зорилго оршиж байгаа юм. Манай аймгийн тухайд Аймгийн эдийн засгийн үндсэн салбар болсон хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг хангах зорилгоор аймгуудаас анх удаа буюу 2021 оноос эхлэн “ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨЛТ” болон түүний хүрээнд хэрэгжих “24 ТӨСӨЛ”-ийг боловсруулан батлуулж, сумдад анхан шатны, дундын хоршоодыг байгуулж, үндэсний болон орон нутгийн үйлдвэрүүд, олон улсын байгууллагатай хамтран ажиллаж, хоршоологчдыг шинэ түвшинд хүргэх ажлыг зохион байгуулж байна. “ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨЛТ”-ийг хоршоодод суурилан хэрэгжүүлэхээр төлөвлөж, үйл ажиллагааг эхлүүлээд байсан нь Монгол улсын Засгийн газрын бодлого, шийдвэрт тусгалаа олж, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг орон даяар өрнүүлж эхэлсэн нь аймгийн “ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨЛТ”-ийг хэрэгжүүлэхэд томоохон хөшүүрэг болох юм. #Дэм_дэмэндээ_дээс_эрчиндээ "Шинэ хоршоо хөдөлгөөн" Төв аймгийн "Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт"