loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ТӨВ АЙМГИЙН СУМДЫН УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ СУРГАЛТ ЯВУУЛЛАА  | HuduuMN

ТӨВ АЙМГИЙН СУМДЫН УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ СУРГАЛТ ЯВУУЛЛАА

2025-03-31

"Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил"-ийн хүрээнд үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор сум, багийн Засаг дарга нарын “Цэргийн бэлтгэл” сургалтыг Зэвсэгт хүчний 311 дүгээр анги буюу Зэвсэгт хүчний Сургалтын Нэгдсэн төвийн материаллаг баазыг түшиглэн “Батлан хамгаалах бодлого зорилт, хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх, орон нутгийн хамгаалалт, дайчилгааны төлөвлөлт болон нөөц бүрдүүлэлт, бэлэн байдлыг хангах цэргийн бэлтгэлийг дээшлүүлэх мэдлэг олгох” сэдвээр зохион явууллаа. 

Сургалтын эхэнд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн удирдлага хамт олонд аймгийн Засаг даргын "Талархал" болон албан хэрэгцээнд шаардагдах зөөврийн компьютерийг гардуулан өгсөн юм. 

Онолын сургалтаар “Монгол Улсын батлан хамгаалах тогтолцоо, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” сэдвээр ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Т.Төмөрчөдөр, “Орон нутгийн хамгаалалт нь батлан хамгаалах тогтолцооны үндэс болох нь” сэдвээр ОНХБС-ын офицер дэд хурандаа Л.Энэбиш, “Цэргийн дайчилгааны тухай хууль, батлан хамгаалах газрын бүтэц, бэлтгэл үүрэгтнүүдийн сургалтын талаарх ойлголт” сэдвээр Дайчилгааны офицер хошууч Б.Бадарч, “Цэргийн албаны тухай хуулийг орон нутагт хэрэгжүүлэх, цаашид анхаарах асуудал” сэдвээр Тоо бүртгэлийн ахлах офицер хошууч С.Солонго нар тус тус мэдээлэл хүргэлээ. 

Мөн аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа “Цэргийн насны залуучуудыг эрүүлжүүлэх талаар суманд хэрэгжүүлэх арга хэмжээ, үр дүн, цаашид анхаарах асуудлууд сэдвээр, аймгийн Прокурорын газраас “Зөрчлийн хэргийг шийдвэрлэх, цаашид анхаарах асуудал” сэдвийн хүрээнд хичээлүүд орлоо. 

Сургалт сурталчилгааны хүрээнд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагч, Зэвсэгт хүчний Сургалтын Нэгдсэн төвийн дарга, хурандаа Ш.Гантулга сумдын удирдлагуудад ангийн үйл ажиллагааны танилцуулга хийж, зэвсэг, багаж хэрэгслийн үзэсгэлэн, хугацаат цэргийн алба хаагчдын байр, энхийг сахиулагчдын сургалтын төвийг танилцуулсан юм.