Аймаг, 19 сумынхаа боломжийг тус бүрээр нь Улаанбаатар, Эрдэнэт, Дарханы иргэдэд танилцуулаад буцлаа. Иргэд, аж ахуйн нэгжийг хэрхэн яаж дэмжих вэ гэдгийг нүүр нүүрээ хараад ярилцлаа.
Ч.Чимэд даргын “Зууны мэдээ” сонины Нэгдүгээр хүн буланд өгсөн ярилцлагаас онцлоход:
-Увс аймаг их наядын эдийн засагтай болно.
-Мах “тарьж” тэжээлийн үйлдвэртэй болно.
-Монголд анх удаа нэг аймгийн хэмжээнд Олон улсын худалдаа тээвэр логистикийн сүлжээний ТЭЗҮ-г хийсэн.
-Увс аймаг дээр эхлэлийн цэгээ аваад 1000 км радиуст дэд бүтцээр холбогдсон газруудаа харвал өөрийгөө Монгол угшилтай гэж үздэг зургаан сая хүн байна.
-Увс аймгийг Ховдтой холбосон 163 км зам баригдсанаар Алтай хэмээх том уулыг тойрсон Хятад, ОХУ, Монгол маршрут бүхий аялал жуулчлал, ачаа тээврийн том сүлжээ бий болж эргээд бүс нутгийн эдийн засгийн хөшүүрэг болно.
-Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг хэрэгжүүлэхэд Увс аймгийн зүгээс шалтгаалах саад бэрхшээл байхгүй.
-Аймгаараа нийлээд хүнс, хөнгөн үйлдвэрийн брэнд гаргахаар болж “UBC” брендийг бий болгосон.
-Соёлын сэргэлтийг ярихаас өмнө бид хийсэн. Алсдаа икэл чуулгаа дэлхийн зах зээлд гаргана.
-Энэ жил гадна, дотныхон нийлсэн 100 мянга гаруй жуулчин хүлээж авна.
-Хүн олноор цуглардаг Увс, Хяргас нуурын хөвөөнд нэгдсэн цэвэрлэх байгууламжтай болохоор тооцоо судалгаа, ТЭЗҮ хийгээд явж байна.
-Увс аймаг дижитал болсон. Иргэн, аж ахуйн нэгж төрийн ажилтны үүд сахихгүйгээр мэдээ мэдээллээ авч, саналаа өгдөг болсон.
Зууны мэдээ сонин #Нэгдүгээрхүн
https://www.polit.mn/a/101785
“Хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд хэрэгжүүлэх “Нээлттэй Увс аймаг” хөтөлбөрийн талаар тус аймгийн удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ. "Нээлттэй Увс аймаг" хөтөлбөр нь хотоос хөдөө рүү шилжин суурьшиж байгаа иргэдийг бизнесийн болон ажлын байраар дэмжих зорилготой аж. Хөтөлбөрийн хүрээнд зургаадугаар сарын 17-нд буюу маргааш 16:00-18:00 цагийн хооронд "UB palace"-ын танхимд Увс аймгийн хөгжлийн хөтөлбөрийг танилцуулах нээлттэй хэлэлцүүлэг, уулзалтыг хийхээр болжээ. Уулзалтаар Увс аймагт иргэд, бизнес эрхлэгчдэд ажлын байр болон бизнесийн ямар боломжууд байгаа талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тус аймгийн 19 сумын удирдлагууд танилцуулах аж. Увс аймагт хүний эмч, малын эмч, нарийн мэргэжлийн эмч, багш зэрэг ажлын байр нэн шаардлагатай байгаа юм байна. Түүнчлэн тус аймагт төрийн байгууллагад хүлээгдэж байгаа нээлттэй ажлын байранд ирж ажиллах боловсон хүчинд байгууллага болон аймаг, сум ямар дэмжлэг үзүүлэх мөн 3,000 болон 300 орчим байнгын ажлын байр бий болгох "Хил дамнасан аялал жуулчлал", "Баруунтуруун хөдөө аж ахуйн цогцолбор" зэрэг хөтөлбөрийн талаар танилцуулах тул Увс аймагт шилжин суурьших хүсэлтэй, сонирхсон хүн бүр оролцох боломжтой гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа. "АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ БОЛОН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ЧИГЛЭЛЭЭР ХЭЧНЭЭН НЭГЖ ТАЛБАРЫН ГАЗАР ОЛГОХ НЬ БАЙРЛАЛ БҮРЭЭРЭЭ ТОДОРХОЙ ГАРСАН" Цаашдаа Увс аймаг нь бизнес болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг хэрхэн дэмжих талаар аймгийн Засаг дарга Ч.Чимэд "Увс аймагт бизнес болон үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах сонирхолтой хүмүүсийг газрын бодлогоор дэмжиж ажиллана. Газрын бодлого, ажлын байрны дэмжлэг болон гурван хувийн ипотекийн зээл зэрэг нь шилжин ирсэн болон суурин байгаа хүмүүст аль алинд нь хамааралтай. Увс аймаг ОХУ-тай холбогддог, байнгын ажиллагаатай хоёр боомттой. Өнөөдрийн байдлаар өдөрт дунджаар 150-200 суудлын автомашин, 500-800 хүн зорчдог. Түүнчлэн жилд дунджаар 80,000 орчим дотоодын аялагчдыг хүлээж авч байна. Эдгээр нь Увс аймагт бизнес эрхлэх таатай боломжийг бүрдүүлж байгаа юм. Аялал жуулчлал, үйлдвэр, үйлчилгээ болон газар тариалангийн чиглэлээр хэчнээн нэгж талбарын газар олгох нь байрлал, нэгж талбар бүрээрээ тодорхой гарсан байгаа. Үүнийг маргааш болох уулзалт, хэлэлцүүлгийн үеэр танилцуулна" гэв.
Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 2023 оны 03 сарын 23-ны ээлжит хуралдаанаар "Нээлттэй Увс аймаг" хөтөлбөрийг баталлаа. "Нээлттэй Увс аймаг" хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн газрын урт хугацааны бодлого "Алсын хараа-2050" , "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээндэх хот хөдөөгийн тэнцвэрийг хангах зорилтын хүрээнд орон нутгийг хөгжүүлэх, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгж, байгууллагуудыг дэмжих зорилгоор батлагдсан "Хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай" тогтоолуудыг үндэслэн Увс аймгийн онцлогийг тусгасан хөтөлбөр юм. Хөтөлбөр нь аймаг орон нутгийн өнөөгийн байдал, нийгэм эдийн засаг, техник технологи, үндэсний үйлдвэрлэлийн ололт амжилт, нөөц боломж, түүх, соёл зан заншил, уламжлал, оюун санааны үнэт зүйлсийг шилжин ирэх иргэд, аж ахуй нэгж, байгууллага, олон нийтэд мэдээлэн сурталчлах зорилготой болно.