loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ЭЕШ бэлтгэл ажлыг хангах–2025” аяны хүрээнд вакумжуулсан сургалтын үйл явцтай танилцав | HuduuMN

“ЭЕШ бэлтгэл ажлыг хангах–2025” аяны хүрээнд вакумжуулсан сургалтын үйл явцтай танилцав

2025-05-16

    Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Жолаушыбай, Боловсрол, шинжлэх ухааны асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Эльмира нар “Элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл ажлыг хангах–2025” аяны хүрээнд зохион байгуулагдаж буй вакумжуулсан сургалтын явцтай газар дээр нь танилцлаа.

    Аймгийн Боловсролын газраас зохион байгуулж буй энэхүү сургалтад Өлгий сумаас бусад хөдөө сумдын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ удаагийн шатанд Цэнгэл, Дэлүүн, Алтанцөгц, Бугат, Булган, Сагсай, Баяннуур, Алтай сумдаас нийт 161 сурагч хамрагдаж байна.

    Сургалт 2025 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр эхэлсэн бөгөөд 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, хоёр сарын хугацаанд үргэлжилнэ. Энэ хугацаанд аймгийн төвийн 18 багш 10 төрлийн хичээлийн хүрээнд өдөр бүр 8 цагийн хөтөлбөрөөр хичээл зааж байгаа нь онцлог юм.

    Тус сургалтыг зохион байгуулахад Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар 100.0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлж, Боловсролын газартай хамтран ажиллаж байна.

Өмнө нь, 2025 оны 2 дугаар сард “ЭЕШ бэлтгэл ажлыг хангах–2025” аяны хүрээнд аймгийн төвийн төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн 105 сурагчийг хамруулсан вакумжуулсан туршилтын сургалтыг амжилттай зохион байгуулсан билээ.

    Вакумжуулсан сургалт нь сурагчдыг стандартад нийцсэн, үр дүнтэй арга зүйд суурилсан хичээлээр хангахаас гадна бодит шалгалтын орчинд дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх, цагийн менежмент болон хариулт боловсруулах ур чадварыг сайжруулахад чиглэсэн онцгой ач холбогдол бүхий арга хэмжээ болж байна.