loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН УЛСЫН ҮЗЛЭГ БАЯНХОНГОР АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ | HuduuMN

АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН УЛСЫН ҮЗЛЭГ БАЯНХОНГОР АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ

2025-10-24

АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН УЛСЫН ҮЗЛЭГ БАЯНХОНГОР АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ

Төрийн байгууллагын Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор дөрвөн жил тутамд орон даяар явагддаг ээлжит улсын үзлэг  Баянхонгор аймагт эхэллээ. 

Энэ удаагийн улсын үзлэгийг Монгол Улсын Засгийн газрын энэ оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 23 дугаар тогтоолд заасны дагуу Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ болон төрийн байгууллагуудад зохион байгуулж байна. Улсын үзлэгийн комиссын гишүүд аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхантай уулзалт хийсний дараа төрийн байгууллагын удирдлага, албан хаагчдад үзлэгийн дүрэм журам, зааварчилгааны талаар мэдээлэл өгч, сорил авлаа. 

Ээлжит улсын үзлэгийг үндсэн гурван чиглэлээр явуулахдаа төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, төрийн албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааг тус бүрийн үзүүлэлтээр дүгнэхийн зэрэгцээ байгууллагын цахим албан хэрэг хөтлөлт, цахим архивын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгнө. 

Баянхонгор аймаг нь Архив, албан хэрэг хөтлөлтийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, байгууллагын удирдах болон гүйцэтгэх ажилтны мэргэжил ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөр, “Цахим  архив – Баянхонгор” дэд хөтөлбөр, Төрийн болон байгууллагын архив, баримтын хадгалалт хамгаалалт, аюулгүй байдал”-ыг хангах дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж  80 ажилтныг Архив, албан хэрэг хөтлөлтийн анхан шатны мэргэжил олгох сургалтад, 32 ажилтныг  мэргэшүүлэх сургалтад тус тус сургаж бэлтгэж,  Архивын сан хөмрөгийг баяжуулах Төрөлжсөн архивын зориулалтын барилгатай болсон зэрэг Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын чиглэлээр олон ажлыг хийж хэрэгжүүлээд байгаа юм.   
 
Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын ээлжит улсын үзлэгийн комиссыг Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын захирал, албан хэрэг хөтлөлтийн хяналтын ахлах байцаагч Т.Сайнжаргал ахлан ажиллаж байна. Улсын үзлэгийн комисс Баянхонгор аймагт  таван өдөр ажиллаж, журмын дагуу архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтад үнэлгээ өгөх болно. 

Улмаар үзлэгийн дүн, санал дүгнэлтийг 2026 оны нэгдүгээр улиралд багтаан, Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд танилцуулж, цаашид архив, албан хэрэг хөтлөлтийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичигт тусган хэрэгжүүлнэ гэж үзлэгийн комиссоос мэдээллээ.