"Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаргийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан.
Энэ өдөр бүх нийтээр байгаль дэлхийгээ хайрлах үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон өрнүүлдэг уламжлалтай.
Мөн өдрийн хүрээнд Баянхонгор сумын ЗДТГ-ын Байгаль орчны албанаас аймгийнхаа нийт иргэдийг хашаандаа мод тарихыг уриаллаа. Аймгийн төвийн нийт хүн амын 70 шахам хувь нь гэр хороололд амьдардаг бөгөөд өрх бүр хашаандаа мод тарихад агаар төдийчинээ цэвэршихийг албаныхан онцолж байна.
Элсний нүүдэл, цөлжилтийн эсрэг авах хамгийн оновчтой шийдэл болох мод тарих үйлсэд нэгдэн ирээдүй хойч үедээ ногоон ирээдүйг бэлэглэхийг ийнхүү уриалж байгаа аж.
Үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш мод үржүүлгийн газрууд улсын хэмжээнд 37 сая тарьц, суулгацын нөөцтэй болсон нь жилийн өмнөхтэй харьцуулахад дөрөв дахин нэмэгдсэн дүн аж.