Төрийн үйлчилгээг "Хаанаас ч ойрхон" хүргэх ХУРДАН цэгийг Баянхонгор аймгийн ЗДТГ-ын нэг давхарт Үйлчилгээний нэгдсэн төвийн 124 тоотод нээж, иргэдэд үйлчилж эхэллээ.
Төрийн цахим үйлчилгээний ХУРДАН цэгээс иргэд 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтоос гадна гадаад паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр төлөх гэх мэт төрийн 39 байгууллагын 440 гаруй үйлчилгээг авах бүрэн боломжтой.
Операторын горимоор иргэдэд үйлчилгээ үзүүлэх ХУРДАН цэгийг Баруун бүс худалдааны төв, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт мөн байгуулахаар ажиллаж байгаа аж.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд Төрийн цахим үйлчилгээг иргэдэд хүргэх, иргэдийг мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах ажлыг хурдан шуурхай зохион байгуулах чиг үүрэг бүхий Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын газрын харьяа Баянхонгор аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс байгуулан ийнхүү ажиллаж байна.