
Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр тохиодог “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-өөр улс төрийн хилс хэрэгт өртсөн иргэдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, түүхийн сургамжийг залуу үед таниулах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулдаг.
Дархан-Уул аймагт өнөөдөр ЦАУЗБСК-ын гишүүд болон хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд хамтран “Хэлмэгдэгсдийн хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.
Өнөөдрийн байдлаар 80 гаруй хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн Дархан-Уул аймагт амьдарч, хөдөлмөрлөж байна. Цагаатгалын комиссоос нийтдээ 2 тэрбум 620 сая төгрөгийн нөхөн олговор олгосон бөгөөд ар гэрийн хамгийн өндөр настай иргэн нь 92 настай байгаа юм.
Энэ жил улс төрийн хилс хэргийг цагаатгаж эхэлсний 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг мөнхжүүлж, тусгайлан ном болгон хэвлүүлэхээр төлөвлөжээ.
Улс төрийн хар түүх, хар толбо дахин давтагдахгүй байхыг оролцогчид онцлон хэллээ.