loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХЭД ЗАЛУУСЫН ОРОЛЦОО” ҮНДЭСНИЙ ФОРУМ ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНА | HuduuMN

“ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХЭД ЗАЛУУСЫН ОРОЛЦОО” ҮНДЭСНИЙ ФОРУМ ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНА

2025-06-16 ~ 2025-06-17


Монгол Улс 2026 онд хүлээн авч зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд “Цөлжилттэй тэмцэхэд залуусын оролцоо” сэдэвт Үндэсний форум өнөөдөр Дундговь аймагт нээлтээ хийлээ.

Форумыг 6-р сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар хамтран зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ нь ирээдүйн уур амьсгалын бодлого, байгаль хамгааллын манлайлагчдыг бэлтгэх чухал алхам болж байна.

Нээлтийн ажиллагаанд Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун оролцож, говийн бүсийн экосистем, газрын доройтол, цөлжилтийн сөрөг нөлөөний талаар онцлон дурдлаа. Тэрбээр бүс нутгийн онцлогт нийцсэн шийдлийг олохын тулд залуусын идэвхтэй оролцоо, олон талт хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатайг онцлов.

COP17 бага хурлын бэлтгэл ажлын албаны дарга, Тусгай үүрэгт элчин сайд Н.Чимгүүндарь үг хэлэхдээ “Ирэх жил дэлхий дахины анхаарлыг татах энэхүү хуралд Монголын залуусын дуу хоолой, оролцоо хамгийн үнэ цэнтэй байх болно” хэмээн онцоллоо.

Форумд НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиерден, холбогдох төрийн яамд, олон улсын болон эрдэм шинжилгээний байгууллагууд, орон нутгийн 120 гаруй залуу төлөөлөгч оролцож, туршлага, санаачилгаа хуваалцаж байна.

Цөлжилт, газрын доройтлын эсрэг залуусын дуу хоолой, оролцоо, манлайлал цаг үеийн хамгийн чухал сэдэв болоод байна. Байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд залуусын хүч, мэдлэг, санаачилга зайлшгүй хэрэгтэйг энэ форум дахин баталлаа.