
“Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөн, “Ногоон Дундговь" төслийн хүрээнд "Тэрбум мод тарих Үндэсний өдөр"-ийг угтан “Ногоон Дундговь” байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн худалдааг энэ сарын 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар оролцлоо. Түүнчлэн үзэсгэлэнд Байгаль орчны газар, Сум дундын ойн анги, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний төв, "Шимт бор" ХХК, "Мөнх ногоон тал" ХХК, “Говийн алтан үр” ХХК, “Хурын шим” ХХК тус тус оролцож байна.
Үзэсгэлэнгээр жимсний мод, шилмүүст мод болон бусад төрлийн модны тарьц суулгац, төмс, хүнсний ногооны үр үрсэлгээ, бордоо, тасалгааны болон мандлын цэцгийн үрсэлгээ, зүлгийн үр, мандлын цэцгийн үр, үрсэлгээ, мод, цэцэг тарих арчлах тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг танилцуулан, худалдаалах, ногоон ажлын байр, хог ангилах дадал сургалт, байгалийн амин дэмтэй бүтээгдэхүүний худалдаа, холбогдох мэргэжлийн байгууллагууд танд шаардлагатай мэдээ мэдээлэл, зөвлөмж өгөх үйлчилгээг үзүүлж байгаа юм. Энэхүү үзэсгэлэн худалдаа хоёр өдрийн турш үргэлжилнэ.
Дундговь аймаг энэ жил өрх бүр хашаандаа 5-аас доошгүй, аж ахуйн нэгж байгууллага 50-аас доошгүй мод тарих уриалгыг гаргасан тул мод тарих улирлын идэвхтэй энэ үед иргэн бүр мод тарьж, тарьсан модоо арчилж ургуулахыг уриалж байна.