
Бүс, орон нутгийн нэгдмэл байдлыг бэхжүүлэх, бүсийн хамтын ажиллагааг спортоор дамжуулан өргөжүүлэх, Үндэсний болон спортоор хичээллэх, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягтай иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор бүсчилсэн хөгжлийн хүрээнд Дундговь аймгийн аварга шалгаруулах “Иргэдийн спортын наадам”-ыг энэ сарын 8, 9-ний өдрүүдэд Мандалговь хотноо зохион байгуулж байна.
Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Эрдэнэсүрэн, Биеийн тамир, спортын газрын дарга А.Отгонбаатар болон сумдын удирдлагууд оролцлоо.
Тэмцээнийг тавдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Дундговь аймгийн баруун, зүүн, төвийн бүсэд зохион байгуулж, долоон төрлөөр нийт 1300 иргэн оролцон, шилдгүүдээ тодруулсан бөгөөд аймгийн аварга шалгаруулах “Иргэдийн спортын наадам”-д 11 сумын 472 тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Түүнчлэн тус наадмаас шалгарсан баг, тамирчдаас бүрдсэн шигшээ баг Дорноговь аймагт болох "Говийн бүс - Иргэдийн спортын наадам"-д оролцох юм.