
"НУТГИЙН ХӨГЖИЛД ЭРДЭМТДИЙН ОРОЛЦОО" АНХДУГААР УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛНО
Анх удаа зохион байгуулж буй тус үйл ажиллагааны зорилго нь Дундговь аймгаас төрсөн эрдэмтдийг нэгтгэн тэдгээрийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг орон нутгийн онцлог, уур амьсгал, газар нутаг, хүн ардын эрүүл мэнд, сурч хөгжих боломжид чиглүүлэн үр дүнг орон нутгийн удирдлагуудтай хамтран шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэгжүүлэх, бодит хөрсөнд буулган төрсөн нутгаа хөгжүүлэхэд оршино.
Дундговь аймгийн эрдэмтдийн хамтран байгуулсан энэхүү "Талын гэгээ эрдэмтэд" ТББ нь Дундговь аймгийн харьяат эрдэмтэн судлаачдыг нэгтгэх, тэдгээрийн эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны ажлыг судалгааны эргэлтэд оруулах, эрдэмтэн судлаачид хоорондоо хамтран ажиллаж орон нутгийн байгалийн онцлогт суурилсан аялал жуулчлал, ургамал, модны гарц тариалалтыг сайжруулах, говь нутгийн амьдралын хэв маяг, хүн ардын амьдрах орчин нөхцөл, усны хангамж, эрүүл мэнд гээд нэн шаардлагатай цаг үеийн асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, орон нутгийн удирдлагуудын хамт шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор байгуулагдсан юм.
Цаашлаад ирээдүйн залгамж болсон Дундговь аймгийн хүүхэд багачуудыг хөгжүүлэх, гадаад дотоодын сургуулиудад элсэн суралцахад зөвлөх, төр захиргааны байгууллагын ажилтан албан хаагчид, эмч, багш сурган хүмүүжүүлэгчдэд мэргэжлийн сургалт, арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллах юм.