loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО | HuduuMN

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2026-06-11

УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Аймгийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, зөвлөгөөнийг Дундговь аймаг Засаг даргын Тамгын газар, Дундговь ТВ фейсбүүк хуудсаар шууд дамжууллаа.

Зөвлөгөөнөөр Мал эмнэлгийн газраас шүлхий өвчний SAT1 хэвшлийн тархалтын нөхцөл байдлын талаар танилцуулга хийв. Одоогийн байдлаар Дундговь аймгийн есөн суманд шүлхий, хонины цэцэг, хорт салст халуурал зэрэг малын халдварт өвчин бүртгэгдээд байгаа бөгөөд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, халдваргүйтгэл, дархлаажуулалтын явц, нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Мөн аймгийн Засаг даргын захирамжаар Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Төмөрмандахаар ахлуулсан иргэд, олон нийтийн болон орчны аюулгүй байдлыг хангах ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд тус ажлын хэсгийн үйл ажиллагааны явцыг хурлын үеэр танилцуулав. Ажлын хэсгээс аймгийн төвд ажлын хэсгийг  ажиллуулж, эрсдэл үүсгэж болзошгүй нүх, төмөр, чулуу зэрэг саад тотгорыг илрүүлэн арилгах ажлыг зохион байгуулж байна.

Шуурхай зөвлөгөөний үеэр аймгийн удирдлагаас дараах үүрэг, чиглэлийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад өглөө. Үүнд:

- Төв замаас сумд руу салж буй уулзвар, гарцуудыг тодорхой болгож, шаардлагатай тэмдэг, тэмдэглэгээг байршуулах, төв зам дагуух хог хаягдал, шороог цэвэрлэх;

- Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр гарсан албан даалгавар, үүрэг чиглэлийг мөрдөн хэрэгжүүлэх, Гэр бүлийн өдрийн хүрээнд албан хаагчдыг гэр бүлтэйгээ цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломж нөхцөлөөр хангах;

- Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангаж, зуух, халаалтын тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хийх, нөөцийн мах бэлтгэх ажлыг зохион байгуулалттай хэрэгжүүлэх;

- Ногоон байгууламж бүхий хэсгүүдэд хяналтын камер суурилуулах;

- Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааг идэвхжүүлж, үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх, дотоод зохион байгуулалтыг сайжруулах зэрэг ажлуудыг эрчимжүүлэх. 

Түүнчлэн өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилт, ажлын явцын талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар мэдээлэл хийлээ. Харин “Асуудал–Шийдэл” цахим санал, хүсэлтийн системийн шийдвэрлэлтийн талаар Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир танилцуулсан бол Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулах морин парадын бэлтгэл, зохион байгуулалтын талаар Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ө.Баясгалан мэдээлэл өглөө