АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧДЫГ “ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГА” СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА
Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар “МЕРИТ” төсөлтэй хамтран төрийн албан хаагчдын эрсдэлийн удирдлагын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, байгууллагын эрсдэлийг урьдчилан тодорхойлон, зөв удирдах арга зүйг төлөвшүүлэх зорилгоор “Эрсдэлийн удирдлага” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Сургалтаар байгууллагын хэмжээнд эрсдэлийн удирдлагын нэгдсэн ойлголт, арга зүйг төлөвшүүлэхийн зэрэгцээ болзошгүй эрсдэлийг урьдчилан тодорхойлох, шинжлэх, үнэлэх, эрэмбэлэх, түүнд тохирсон хариу арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, практик чадварыг албан хаагчдад олгоход анхаарав.
Энэ хүрээнд эрсдэлийн удирдлагын үндсэн ойлголт, зарчим, ач холбогдол, мөн эрсдэлийг тодорхойлох, үнэлэх аргачлалын талаар хоёр үндсэн илтгэл тавьж, оролцогчдод холбогдох мэдээлэл, арга зүйг танилцуулсан юм.
Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар нь MNS ISO 31000:2020 “Эрсдэлийн менежмент – Удирдамж” стандартад үндэслэн байгууллагын эрсдэлийн удирдлагын журмыг шинэчлэн баталж, хэрэгжилтийг үе шаттай ханган ажиллаж байна.
Эрсдэлийн удирдлага нь алдаа, зөрчил гарсны дараа арга хэмжээ авахад бус, байгууллагын зорилго, зорилтыг хэрэгжүүлэх явцад учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тодорхойлж, шинжлэн үнэлэх, эрсдэлийн түвшнийг тогтоон эрэмбэлэх, үндэслэлтэй шийдвэр гаргах, нөөцийг оновчтой хуваарилахад чиглэсэн удирдлагын чухал тогтолцоо юм.
Цаашид эрсдэлийн удирдлагыг байгууллагын төлөвлөлт, хэрэгжилт, тайлагнал, хяналтын бүхий л үе шатанд нэвтрүүлж, албан хаагч бүрийн оролцоо, хариуцлагад тулгуурласан нэгдсэн тогтолцоог төлөвшүүлэхэд анхаарч ажиллана.
Энэхүү тогтолцоог байгууллагын үйл ажиллагаанд үр дүнтэй хэрэгжүүлснээр болзошгүй эрсдэлийг эрт илрүүлж, сөрөг үр дагаврыг бууруулах, байгууллагын бүтээмж, сахилга хариуцлага, төсөв хөрөнгийн үр ашиг, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.