ДУНДГОВЬ АЙМГИЙН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, ИРГЭДИЙН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН ЦОЛГҮЙ ХАРВААЧДЫН ШАГАЙН ХАРВААНЫ ТЭМЦЭЭНД ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН БАГ ТЭРГҮҮЛЛЭЭ
Юнескогийн соёлын өвд бүртгэгдсэн Монголын Үндэсний уламжлалт спорт тоглоом болох Шагайн харвааг хөгжүүлэх, шинэ залуу харваачдын тоо, ур чадварыг нэмэгдүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор Дундговь аймгийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн дунд цолгүй харваачдын тэмцээнийг энэ сарын 14-нд зохион байгууллаа. Тэмцээнд 14 багийн 112 харваач оролцож, цэц мэргэнээ сорин өрсөлдсөн юм.
Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр, Шагайн холбооны салбар холбооны тэргүүн Ц.Отгонбаяр нар оролцлоо. Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун цаашид шагайн харвааны спортыг хөгжүүлэх, соёлын өвийг уламжлан өвлүүлэх зэрэг бүх талаар дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлэв.
Тэмцээний багийн харваанд Д.Батзаяа ахлагчтай Онцгой байдлын газрын баг тэргүүн байр эзэлсэн бол Гурвансайхан сумын Очир мандал хайрхан ХХК-ийн Ө.Мөнхсаруул ахлагчтай баг дэд байрт, Н.Хүрэлбат ахлагчтай Говь-Угтаал сумын баг гутгаар байрт шалгарсан байна. Хувийн цуваа харваанд Сайхан-Овоо сумын залуу харваач Л.Бат-Эрдэнэ тэргүүн байр, Онцгой байдлын газрын залуу харваач С.Тогоонтөмөр дэд байр, Өндөршил сумын залуу харваач А.Баярхүү гутгаар байрт тус тус шалгарчээ. Та бүхний хараа хурц, оноо мэргэн, уухай цээл байх болтугай.