
“Хөдөөгийн сэргэлт – Шинэ Дундговь” аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Гёнги мужийн Эмч нарын нийгэмлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд БНСУ-ын “Эрүүл мэндийн сайн үйлсийн аян-2025” нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийг энэ оны долоодугаар сарын 2-4-ний өдрүүдэд аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр зохион байгуулж байна.
“Эрүүл мэндийн сайн үйлсийн аян-2025”-ы хүрээнд БНСУ-ын Гёнги аймгийн Эм зүйчдийн нийгэмлэг, Шүдний эмч нарын нийгэмлэг, Уламжлалт анагаах ухааны нийгэмлэг, Сувилахуйн нийгэмлэгийн нийт 52 эмч, мэргэжилтэн болон 22 орчуулагч ажиллах юм.
Эрүүл мэндийн үзлэгээр мэдрэл, хүүхэд, эмэгтэйчүүд, гэмтэл, дотор, шүд, ерөнхий мэс засал болон уламжлалт анагаах ухааны чиглэлээр мэргэшсэн эмч нар өдөрт 800 гаруй иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо, эмчилгээ үзүүлж, шаардлагатай эмийг олгоно.
Энэхүү сайн үйлсийн аяныг зохион байгуулснаар иргэдийн эрүүл мэндийг дэмжих, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, олон улсын туршлага, шинэчлэлтүүдийг орон нутагт нэвтрүүлэх ач холбогдолтой юм.